Ж.Баярмаа: Манай улс МАН засагласан өнгөрсөн 10 жилийн хугацаанд авлигын индексээр 52 байр ухарсан

Ж.Баярмаа: Манай улс МАН засагласан өнгөрсөн 10 жилийн хугацаанд авлигын индексээр 52 байр ухарсан

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Өнгөрсөн нэг сарын хугацаанд багагүй үйл явдал өрнөлөө. Тухайлбал, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүс албан тушаалаасаа буухдаа төрийн өмчит компанийн удирдлагад очдог жишиг эрх баригч намын үед тогтсон байна. Улмаар зарим албан тушаалтны гэр, ажлын байрнаас их хэмжээний авлигын мөнгө хураан авсан асуудал гарлаа. Энэ нөхцөл байдлыг Транспэрэнси Интернэшнл байгууллагын 2025 оны авлигын төсөөллийн индексийн мэдээлэл баталж байна. Сүүлийн олон жил авлигатай тэмцэх жилийг хэмээн жил бүр зарладаг ч бодит үр дүн эсрэгээрээ гарсаар байна. Сүүлийн нэг жилийн дотор манай улс авлигын индексээр 10 байр ухарлаа. 12 жилийн өмнө Монгол Улс авлигын индексээр 94 дүгээр байрт жагсаж байсан. 2015 онд АН Засгийн эрх барьж байх үед 72 дугаар байрт орж, 22 байраар урагшилж байв. Харин 2016 оноос хойш МАН засагласан 10 жилийн хугацаанд нийт 52 байраар ухарсан байна. Энэ нь эрх баригч намын хэрэгжүүлсэн бодлого, ажлын бодит үр дүнг харуулж байна. Өндөр албан тушаалтнуудын гэр, ажлын байр, бүр хогийн савнаас хүртэл их хэмжээний мөнгө илэрч байгаа нь бодит нөхцөл байдлыг илтгэнэ. Энэ бол хуурамч судалгаа биш. Энэ хугацаанд бизнесийн орчин хумигдаж, бизнес эрхлэхийн тулд авлига өгөхөөс өөр аргагүй болсон гэх шүүмжлэл нэмэгдсэн. Хуулийн засаглал суларсан. Сүүлийн үед дуулиант хэргүүд илэрч байгаа ч хариуцлага тооцох тогтолцоо хангалтгүй хэвээр байна. Түүнчлэн УИХ-ын гишүүдтэй холбоотой албан тушаал, авлигын асуудал үүссэн ч бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргахгүй байна. 2025 оны авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 31 оноо авч, маш муу үзүүлэлтэд тооцогдож байна. Энэ нь ардчиллын индекс доогуур орнуудын түвшинд хүрснийг харуулж байна. Манай улсаас дээгүүр байрт зэвсэгт мөргөлдөөнтэй, дайн байлдаантай зарим улс хүртэл жагсаж байна. Энэхүү индекс нэг зүйлийг тодорхой харуулж байна. Сонгуулийн үеэр санал авахын тулд их хэмжээний мөнгө зарцуулдаг тогтолцоо газар авсан. Иймд “Санал худалдан авахын эсрэг хууль”-ийн төслийг боловсруулж байна. Хуулийн төсөлд санал худалдан авахтай холбоотой дараах үйлдлүүдийг хамруулахаар тусгасан.. Үүнд,  бэлэн мөнгө, эд зүйл тараах, амралт, аялал зохион байгуулах, гадаад улс руу явуулах, янз бүрийн хэлбэрээр ивээн тэтгэх, төрийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн ажлыг хувийн гавьяа мэт сурталчлах, зээл тэглэх, малчдад ноолуурын мөнгө тараах, “Шинэ хоршоо” зэрэг хөдөлгөөнийг санаачлах зэргийг багтаасан байна. Мөн сонгуулийн авлигад Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох зохицуулалтыг тусгаад байна. Уг хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж, батлуулахаар төлөвлөж байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: