Дотоодын сүүний үйлдвэрлэлийг тогтвортой хангахад бодит хувь нэмэр оруулсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн фермер М.Батболд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Улсын аварга фермер”-ээр шалгарчээ.
Шагналыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. Түүний хувьд 17 настайгаасаа трактор, комбайны жолоочоор ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж, газар тариалангийн салбарт туршлага хуримтлуулж эхэлсэн байна. Улмаар 1993 оноос мал аж ахуйн салбарт эрчимтэй хөдөлмөрлөж өдгөө 30 гаруй жилийн хөдөлмөр, зүтгэлээ зориулжээ. Тэрбээр аав, ээжээс 11-үүлээ бөгөөд түүний аав Монхоодой нь Монгол Улсын хошой аварга, ах М.Ганболд нь Улсын аварга тариаланч, дүү нар нь сум, аймгийн аварга малчид аж.
Тэрбээр малынхаа үүлдэрлэг байдал, ашиг шимийг сайжруулахад онцгой анхаарч, 2005 оноос сүүний чиглэлийн үхэр өсгөн үржүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр Талын улаан, Хар тарлан, Швицийн бор, Голштейн зэрэг өндөр ашиг шимт үүлдрийн үхрийг нутагшуулан үржүүлж байна. Нэг үнээ дунджаар 10-18 литр сүү саадаг. Өдөрт 500 орчим литр сүү, жилдээ 180 тонн сүүг “АПУ” компанид нийлүүлдэг байна. Энэ нь орон нутгийн төдийгүй улсын хэмжээнд сүүний хангамжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр болж буй юм.
Мөн намрын улиралд 5000 боодол байгалийн хадлан бэлтгэж, 58 га талбайд ногоон тэжээл тариалан, даршаа өөрөө бэлтгэж, малын тэжээлийн баазыг бүрэн ханган ажилладаг нь эрчимжсэн мал аж ахуйн тогтвортой хөгжлийн жишиг болж байнаМандал сумын удирдлагууд эрчимжсэн мал аж ахуйг бодлогоор дэмжин ажиллаж буйд талархал илэрхийлэн, шинэ технологи нэвтрүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа аж.
Тэрбээр 2022 онд “Аймгийн аварга малчин” цол хүртэж байсан бөгөөд дөрвөн жилийн дараа хөдөлмөр зүтгэл, амжилтаа үнэлүүлэн “Улсын аварга фермер” боллоо.
М.Батболд нь туслах малчин тогтмол цалинжуулан ажиллуулж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэн, ажлын байр бий болгож байна. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд сүүний чиглэлийн үхэр өсгөн үржүүлж буй залуу малчдад төл мал бэлэглэх, мэдлэг туршлагаасаа харамгүй хуваалцах зэргээр салбарынхаа залгамж халааг бэлтгэхэд анхаарч ажиллаж байна.
“Сэтгэл, зүтгэл хоёр нийлж байж мал сайхан өсдөг. Сайн ханийнхаа дэмжлэг, түшигээр Улсын аварга фермер боллоо. Амжилт гаргасан хүн бүрийн ард сайн эхнэрүүд байдаг” хэмээн ярьсан юм.
М.Батболд нь аав, ээжээс 11-үүлээ юм байна. Дүү нар нь эрчимжсэн мал аж ахуй эрхэлж, сум, аймгийн аварга болжээ. Түүний аав Монхоодой нь Монгол Улсын хоёр удаагийн аварга тариаланч, ах М.Ганболд нь Улсын аварга тариаланч болсон хөдөлмөрч удмынхан юм
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ, “Аавынхаа нэрийг, нутаг орныхоо нэрийг өндөрт өргөн алдаршуулж, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үр бүтээлтэй ажиллан, бодит үр шимийг нь хүртэж ‘Улсын аварга фермер’ болсонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний хөдөлмөр Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна” хэмээн онцлон тэмдэглэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.