“Плитканы хийн хоолойн жийрэг тээвэрлэлтийн явцад унасан байсныг анзааралгүй угсарснаас болж туршилтын үед бага зэргийн гал гарсан” гэв

“Плитканы хийн хоолойн жийрэг тээвэрлэлтийн явцад унасан байсныг анзааралгүй угсарснаас болж туршилтын үед бага зэргийн гал гарсан” гэв

Сүхбаатар дүүргийн 22 хорооны айлд нийслэлээс айлуудад суурилуулж буй хийн түлшний зуух  өчигдөр /2026.02.10/ дэлбэрч шатсан гэх мэдээлэл цахим орчинд гарсан билээ. Энэ асуудалд НЗД-ын орлогч А.Амартүвшин тайлбар мэдээлэл өглөө.

Тэрээр “Хийн зуух дэлбэрчээ гэдэг худал цуурхалд залруулга хийе. Ингэхгүй бол том ажлыг жижиг шалтгаар гацаах гэж адгасан, эрх ашигтаа хөтлөгдсөн хүмүүст өчигдөр болсон зүйл олз болж байна. Улмаар олон нийтийг төөрөгдүүлж, ор үндэсгүй зүйлээр айдаст автуулж буй нь нийслэлийн утааг бууруулж, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн эсрэг хийж буй санаатай явуулга юм. Өчигдөр орой Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны айлд суурилуулсан хийн түлшний зууханд суурилуулалтын улмаас багахан гэмтэл гарсан. Зуухыг суурилуулахдаа угсралтын баг хяналт дутуу хийсэн нь алдаа байсан.

Зуухны плитканы хийн хоолойн жийрэг резин нь тээвэрлэлтийн явцад унасан байсныг анзааралгүй угсарсан байна. Үүний улмаас плитка асааж зөвхөн турших явцад буюу эхний удаа угсарчихаад асаахад бага зэргийн гал гарсан. Өнөөдөр айл өрхүүдэд суурилуулж байгаа хийн зуух нь хий алдагдахаас хамгаалсан, өндөр түвшний аюулгүй ажиллагааны хамгаалалттай. Тиймээс санаа зовох зүйлгүй, хийн зуухны автомат хаалт ажиллаж, бага зэргийн галыг тэр дор нь унтраасан.

Айлын халуу тогоо залгуураасаа болж шатдаг шиг л зүйл болсон гэсэн үг. Түүнээс өөр ямар нэг дэлбэрэлт гэх мэт болоогүй. Тийм зүйл болохгүй. Учир байдлыг ойлгож, асуудалд зөвөөр хандаасай.

Нийслэлээс айл өрхүүдэд суурилуулж байгаа хийн зуух нь:

  • Олон улсын NFPA норм, ASME стандарт, шаардлагын дагуу монгол инженерүүд бүтээсэн.
  • Хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, аюулгүй ажиллагааны дээд түвшний хамгаалалттай.
  • Яндан нь хоёр давхар хийцтэй.
  • Агаарыг гаднаас авч, шаталтын бүтээгдэхүүнийг гадагш гаргах зориулалттай учраас хүчилтөрөгчийн дутагдал үүсгэдэггүй.
  • Хийн алдагдал гарсан тохиолдолд “Lorawan” системээр дамжуулан Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд шуурхай мэдээлэл дамжуулдаг.
  • Ажиллагааны хэвийн, эко горимтой. Температур тохируулах боломжтой бөгөөд ашиглахад хялбар.
  • Агаар чийгшүүлэгч усны тавцантай зэрэг давуу талтай.

Харин хийн баллон нь:

  • Олон улсын NFPA нормын шаардлага хангасан.
  • Аюулгүй хавхлагатай.
  • Хамгаалах хавхлагатай.
  • Хэт дүүргэлтийн хавхлагатай.

Хийн зуух, хийн баллондоо аюулгүй ажиллагааны норм дүрмийг хамгийн сайн мөрдөж, баримталж ажиллаж байгааг дахин хэлье. Бид зуух угсралтын явцад илүү сайн анхаарч, нарийн хяналт тавьж ажиллах болно” гэжээ.