Г.Занданшатар: Ухаа худаг, Баруун наран, Нарийн сухайт, Эрдэнэтийн үүсмэл ордуудын өгөөжийн 60 хувийг иргэдийн дансанд хуримтлуулж, 2030 оноос зарцуулах эрхтэй болгоно

Г.Занданшатар: Ухаа худаг, Баруун наран, Нарийн сухайт, Эрдэнэтийн үүсмэл ордуудын өгөөжийн 60 хувийг иргэдийн дансанд хуримтлуулж, 2030 оноос зарцуулах эрхтэй болгоно

Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн стратегийн 8 бүлэг ордыг эзэмшдэг компаниудтай хэлцэл хийж эхэлжээ. Засгийн газраас стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өнөөдөр /2026.02.10/ хэлэлцээнд гарын үсэг зурлаа. Тодруулбал, эдгээр ордын өгөөжийн 60 хувийг монголчуудад ногдуулах буюу Үндэсний баялгийн санд хуримтлуулна. Хэрэв тухайн жилд өгөөж 60 хувиас бага байх тохиолдолд стратегийн болон үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тохируулагч төлбөрийг төлдөг байхаар харилцан тохиролцов.

ВИДЕО: 


Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчимд нийцүүлж, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлал үзүүлж ажиллаж байгаа “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос”, “Ачит Ихт”, “Энержи ресурс” компаниудын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т “... газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж заасныг хэрэгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлэн талууд тохиролцоонд хүрлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж “Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, түүнийг одоо ба ирээдүйн иргэддээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрх тэгш, шударга хуваарилах” зарчмыг оруулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болсон. Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг амилуулан, хэрэгжүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, баялагтаа эзэн байх зарчмыг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордод хамрагдсан болон үүсмэл ордууд дээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдтэй хэлэлцээ хийх, үүрэг бүхий ажлын хэсгийг 2025 оны наймдугаар сарын 21-ны өдөр байгуулсан. Түүнээс хойш таван сарын хугацаанд 10 удаагийн яриа, хэлэлцээ хийж, асуудлыг олон талаас нь нарийвчлан хэлэлцсэн.

Ингээд үндсэн суурь зарчмаа тохироод өнөөдөр санамж бичиг байгуулж байна. Энэхүү бичиг баримтад тусгасан гол асуудал бол Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн 34 хувиас доошгүй хувийг төр үнэ төлбөргүй эзэмшинэ, Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан стратегийн орд газрын өгөөжийн 51-ээс дээш хувь буюу дийлэнх нь иргэдэд ногдож байх зарчмыг давуулан биелүүлж, өгөөжийн 60 хувийг ард түмэнд ногдож байхаар тохирлоо. Байгалийн баялгийн өгөөжийн 60 хувиас доош орох юм бол тохируулагч төлбөр буюу баялгийн татвар төлж байхаар тохиролцоод байна. Гэхдээ үнийн хэлбэлзлээс шалтгаалж дээш, доош байхыг цаашид нарийвчилсан яриа хэлэлцээрээр тооцно. Төрийн эзэмшлийн хувь тогтоох эсвэл тусгай АМНАТ-аар орлуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-аар өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ. Засгийн газрын зүгээс хэлэлцээний үед хувийн хэвшлийнхний санал бодлыг нээлттэй сонсож, үйл ажиллагаанд нь дарамт шахалт үзүүлэхгүй байх, үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дарамтлахгүй байх, Төр, хувийн хэвшлийн түншлэлийг харилцан үр ашигтай хөгжүүлэх зармыг баримталж ирснийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Төрөөс хайгуул хийж нээсэн ордуудыг төр авах нь Үндсэн хуулийн зарчим. Компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд бодитой манлайлал үзүүлж байгаа нь сайн жишиг гэж үзэж байна. Гол нь бодит үр дүн үзүүлэх нь чухал. И Монголиа дахь бүртгэл тооцоог ил тод болгож, стратегийн ордуудыг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлж байгаагийн хэдэн хувь нь Ирээдүйн өв санд, хэдэн хувь нь Баялгийн санд орж байгааг ил болгох систем, программ хангамжийг ажиллуулахаар бэлтгэж эхэлж байна. Дансандаа хуримтлагдаж буй мөнгийг хэд болж байгааг иргэд мэдэрдэг болно. Ирээдүйн өв сан, Баялгийн сангийн тухай хуулиар 2030 оноос зарцуулж эхлэх ёстой” гэлээ.

“Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 онд "Хуримтлалын сан”-д нийт 500.5 тэрбум төгрөг, 2025 онд 412 тэрбум төгрөг буюу өссөн дүнгээр нийт 912 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэхүү орлогын дийлэнхийг тус нэгдлийн бүрэлдэхүүний стратегийн зургаан ордод үйл ажиллагаа явуулж буй компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлэв.