МАН-ын Эмэгтэйчүүдийн холбооны хурал энэ сарын 14-нд болно

МАН-ын Эмэгтэйчүүдийн холбооны хурал энэ сарын 14-нд болно

Өнгөрсөн арваннэгдүгээр сард МАН-ын Их хурал хуралдаж намын дүрэм, даргаа шинэчилсэн. Улмаар Улсын дээд шүүх өнгөрсөн сарын 09-ний өдөр /2026.01.09/ хуралдаж, МАН-ын даргын өөрчлөлт, намын хөтөлбөр, Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хуульд нийцсэн гэж үзэн албан ёсоор бүртгэсэн юм.

Тэгвэл шинэ даргыг томилж, дүрмээ шинэчилсэнтэй холбоотойгоор МАН-ын дэргэдэх холбоодын даргыг мөн шинэчилнэ. Энэ дагуу МАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллага болох Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Их хурлыг энэ сарын 14-ны өдөр /2025.02.14/ товлоод байна. Тус холбоонд 21 аймаг, есөн дүүргийн МАН-ын эмэгтэйчүүд харьяалагддаг. Дүрмээрээ тус холбооны ерөнхийлөгчид намын дарга нэр дэвшүүлдэг. Энэ дагуу МАН-ын дарга Н.Учрал эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид хүнээ нэр дэвшүүлнэ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Б.Үүрийнтуяа, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар нэрээ дэвшүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. 

Одоо тус холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажиллаж байгаа ч тэрбээр Үндсэн хууль зөрчсөн асуудалд нэр холбогдон хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа юм. Түүнийг МАН-ын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ 2023 онд тус холбооны ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн билээ.