Хонконгийн шүүх ардчиллыг дэмжигч, хэвлэл мэдээллийн магнат Ж.Лайд 20 жилийн хорих ял оноожээ

Хонконгийн шүүх ардчиллыг дэмжигч, хэвлэл мэдээллийн магнат Ж.Лайд 20 жилийн хорих ял оноожээ

Хонконгийн шүүх ардчиллыг дэмжигчь хэвлэл мэдээллийн магнат Жимми Лайд Үндэсний аюулгүй байдлын хуулийн дагуу 20 жилийн хорих ял оноожээ. Энэ ял нь тус хуулиар оноосон хамгийн хүнд ял болж байгаа аж.

Шүүхийн шийдвэрт Жимми Лайгийн гэмт хэргүүдийг "ноцтой", "урьдчилан төлөвлөсөн", "хамгийн хүнд ангилалд хамаарах" гэж дүгнээд, гадаадтай хуйвалдсан хэргүүдийг санаатай, зохион байгуулалттай үйлдсэн хэмээн тодорхойлсон талаар Reuters агентлаг мэдээлжээ.

Өдгөө 78 настай Жимми Лай нь эрүүл мэндийн ноцтой асуудалтай байгаа бөгөөд хүний эрхийн байгууллагууд түүний ялыг “амьдралын төгсгөлийн ялтай дүйцэхүйц хэмээн шүүмжилж байна.

"Human Rights Watch"-ийн Ази хариуцсан захирал Элейн Пирсон "Ийм хэмжээний ял нь хэрцгий төдийгүй, шударга бус. Энэ нь Хятадын засгийн газар бие даасан сэтгүүл зүйг бүр мөсөн дарж, Коммунист намыг шүүмжилсэн хэнийг ч чимээгүй болгох зорилготойг харуулж байна" гэж мэдэгджээ. Мөн Committee to Protect Journalists Жимми Лайгийн ялыг "Хонконгийн хэвлэлийн эрх чөлөөг авсанд хадах сүүлчийн хадаас" хэмээн тодорхойлж, олон улсын хамтын нийгэмлэг түүнийг суллуулахын төлөө илүү хүчтэй шахалт үзүүлэхийг уриалсан байна. Committee to Protect Journalists-ийн мэдээлснээр, одоогоор Хятадад дор хаяж 51 сэтгүүлч хоригдож байгаагийн найм нь Хонконгод байна гэжээ.

Жимми Лай түүнд тулгасан бүх яллалыг тууштай үгүйсгэсээр ирсэн байна. Тэрээр 2020 онд батлан даалтад байхдаа BBC агентлагт өгсөн ярилцлагадаа "Би бүхнийг энэ хотын ачаар олж авсан. Хэрэв энэ нь төлөөсөө төлөх цаг юм бол, энэ бол миний цагаатгал" хэмээн хэлж байсан нь түүний эрх чөлөөтэй байх үеийн сүүлчийн ярилцлага болсон байна.

Жимми Лайгийн хүү Себастиен Лай Их Британи улсыг эцгийнхээ төлөө хангалттай дипломат дарамт үзүүлээгүй гэж шүүмжилжээ.

Түүний энэхүү байр суурь нь Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Бээжинд айлчилснаас хэдхэн хоногийн дараа гарсан байна. Их Британийн парламентын дэргэдэх "Дур мэдэн хорих, барьцаалах асуудлын" бүлэг Кир Стармерийн айлчлалыг "сул дорой дипломат алхам" хэмээн шүүмжилж, Жимми Лайгийн суллагдах боломж алдагдсан гэж мэдэгдсэн байна. Жимми Лайгийн ял нь 2020 онд Хонконгод хэрэгжиж эхэлсэн Үндэсний аюулгүй байдлын хуулиар оноосон хамгийн хатуу шийтгэл болж, тус хотын хэвлэлийн эрх чөлөө, хууль дээдлэх зарчимд ноцтой цохилт боллоо хэмээн олон улсын байгууллагууд анхааруулж байна.

Эх сурвалж: BBC