Допингийн хэргээр шалгагдаж буй, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын шавь Ц.Цогбадрахаас допинг илэрсэн тул мөнгөн медалийг нь хурааж, барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасчээ

Допингийн хэргээр шалгагдаж буй, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын шавь Ц.Цогбадрахаас допинг илэрсэн тул мөнгөн медалийг нь хурааж, барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасчээ

Олон Улсын Допингийн Шалгалтын Агентлаг (ITA)-аас Монголын чөлөөт бөхийн тамирчин Цэвээнсүрэнгийн Цогбадрахаас авсан шинжилгээгээр хүний биеийн тестостероны хэмжээг нэмэгдүүлдэг хориотой бодис илэрснийг өнгөрсөн оны долдугаар сарын 4 /2025.07.04/-ний өдөр мэдээлж байсан билээ.

Тодруулбал, Иорданы нийслэл Амман хотод болсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын чөлөөт бөхийн шигшээ баг, Алдар спорт тамирчин Ц.Цогбадрах мөнгөн медаль хүртсэн байдаг. 

Харин түүнээс уг тэмцээний үеэр авсан сорьцоос хүний биеийн тестостероны хэмжээг нэмэгдүүлдэг хориотой бодис илэрсэн юм.

Тестостероны хэмжээг нэмэгдүүдэг эм, бодис нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн( WADA) Хориглосон бүтээгдэхүүний жагсаалтын S1.1 бүлэгт багтах анаболик андроген стеройд бөгөөд тамирчдыг тэмцээний өмнө болон дараа аль ч үед уг бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хатуу хориглодог байна. Энэхүү бодис нь булчин, хүч, тэсвэр, хурдыг нэмэгдүүлдэг андроген шинж чанартай стеройд аж.

Тиймээс Монголын чөлөөт бөхийн шигшээ баг, Алдар спорт тамирчин Ц.Цогбадрахын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн мөнгөн медалийг хурааж, барилдах эрхийг дөрвөн жилээр хассан байна. 

Ц.Цогбадрах нь допингийн асуудлаар Улсын гарьд цолоо хураалгах болоод буй Н.Өсөхбаярын допингийн хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж буй, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын шавь юм. Харин Ц.Цогбадрах нь чухам ямар шалтгаанаар дээрх хориотой бодисыг хэрэглэсэн талаараа одоогоор албан ёсоор, ямар нэгэн мэдээлэл, тайлбар хийгээгүй байгаа юм.