"Мэдээлэл технологийн нэгдсэн холбоо" ТББ-аас "Өнөөдөр ба маргааш" мэдээлэл технологийн салбарын уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр “ГЭРЭГЭ СИСТЕМС” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Энхжаргалаас зарим асуудлыг тодруулсан юм.
ВИДЕО:
Тэрбээр, "Монгол Улсыг үнэхээр эрүүл, аюулгүй, ил тод нийгэм болгоё гэвэл технологийн салбараа хөгжүүлэхээс өөр гарцгүй. Технологийн салбар хэдийгээр ДНБ-ий нэг хувьд ч хүрэхгүй хэмжээтэй ч түүнээс гарах үр нөлөө нь асар их юм. Манай улсад тулгамдаж буй олон асуудлыг технологийн шийдлээр шийдэх боломжтой. Тиймээс энэ салбарт тодорхой хэмжээний санхүүжилт, хөнгөлөлттэй зээл, бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Төрийн байгууллагуудын хувьд татвар төлөгчдийн мөнгөөр веб сайт, аппликейшн хийх бус хувийн хэвшлийн байгууллагуудынхаа дунд ил тод тендер зарлах нь хамгийн зөв шийдвэр. Манай хувийн хэвшлүүдэд маш олон чанартай аппликейшн, технологийн шийдэл бий. Харин хэмнэсэн мөнгөө нийгэмд бодитоор хэрэгтэй салбарууд болох багш, эмч нарын цалин, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хамгааллын асуудалдаа зарцуулах нь зүйтэй.
Энэ жилээс “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” хууль хэрэгжиж эхэлж байна. Гэвч уг хуулийн зарим заалт бусад хуультай зөрчилдөх, эсвэл нэмэлт өөрчлөлт шаардлагатай нөхцөл байдал ажиглагдаж байгаа. Мөн Шинжлэх ухааны сан, ЖДҮ-ийг дэмжих сангаас технологийн компаниуд санхүүжилт авах нь бодит байдал дээр тохиромжгүй санагдаад байгаа. Тиймээс уг хуулийг дахин сайжруулж, илүү оновчтой болгох шаардлагатай гэж үзэж байна. Энэ хүрээнд бид УИХ-ын байнгын хороо, УИХ-ын гишүүн Ч.Анар, Ж.Золжаргал нарын судалгаан дээр хамтран ажиллаж байгаа. Анхны хэлэлцүүлгийн үеэр баялгийн сангийн тодорхой хувийг IT салбарт зориулах санал яригдахад салбарынхны хувьд ихээхэн хүлээлт төрж байсан. Гэтэл бодит байдал дээр манай төр шинээр байгуулагдаад удаагүй аппликейшны хувьцааг тендергүйгээр худалдан авч, 1,2 тэрбум төгрөг шилжүүлж буй тохиолдол гарж байна. Энэ нь баталсан хууль, төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмыг буруугаар ашиглаж буй хэлбэр юм. Мэдээж бүх зүйлийг хувийн хэвшилд даатгаж болохгүй. Нийгмийг бүхэлд нь хамарсан томоохон системүүдийг төр өөрөө санхүүжүүлж хийх шаардлагатай. Жишээ нь “И-Монгол” систем бол Эстони улсын “И-Эстони” системийг загвар болгон хөгжүүлж, амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлага юм. Гэхдээ боломжтой тохиолдолд хувийн хэвшилд бэлэн байгаа системийг ашиглах нь хамгийн оновчтой шийдвэр" гэлээ.
М.Дэлэг