Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтыг иргэд өөрсдөө хянах боломжийг бүрдүүлэх чиглэлээр төрөөс томоохон алхмуудыг эхлүүлж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Эрүүл мэндийн яам хамтран эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийг эрчимжүүлэхээр ажиллаж буй талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнтэй хийсэн ажлын хэсгийн уулзалтын үеэр иргэдийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэрхэн, хаана зарцуулагдаж байгааг ил тод болгох хэд хэдэн гол ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Тодруулбал, E-Mongolia системд шинэ үйлчилгээ нэвтрүүлж, иргэн бүр өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн даатгалын шимтгэл ямар үйлчилгээ, зардалд зарцуулагдсан талаар цахимаар харах боломжтой болох юм. Мөн Shilen.gov.mn платформоор дамжуулан улсын болон хувийн эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын сангаас хэдий хэмжээний санхүүжилт авсан талаарх мэдээллийг нийтэд ил тод байршуулна. Үүний зэрэгцээ Эрүүл мэндийн яам даатгалын сангийн мэдээллийг тогтмол шинэчилж, иргэдийн бодит хяналтыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Холбогдох байгууллагуудын зүгээс энэхүү ажлын зорилго нь эрүүл мэндийн даатгалын сангийн төгрөг бүр эзэндээ хүрч, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэж байгааг онцолж байна.
М.Дэлэг