Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд БНХАУ, Вьетнам, Тайланд зэрэг улсад аялах, амрах зорилгоор ихээр зорчих болсон. Энэ урсгал нэмэгдэхийн хэрээр тус чиглэлд аялал хямд үнээр зохион байгуулна гэх цахим залилан гарах болсон талаар цагдаагийн байгууллагаас анхааруулж буй.
Тэгвэл аялал зохион байгуулах арвин туршлагатай гэж тодорхойлсон “Хаан аялал” ХХК нь иргэдийг хохироож, залилсан байж болзошгүй байна.
Тодруулбал, “Universal Dance” олон улсын бүжгийн дөрөв дэх удаагийн тэмцээнд оролцох 92 сурагчийн 332 сая төгрөгийг “Хаан аялал” компани залилсан байж болзошгүй хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж. Энэ жилийн хувьд тус бүжгийн тэмцээн БНХАУ-ын Шанхай хотод энэ сарын 31-нд зохион байгуулагдах товтой байсан юм. Тус арга хэмжээнд оролцох байсан “Марифоса” бүжгийн сургалтын төв олон улсын бүжгийн үзүүлбэрт оролцох 92 сурагчийг олон сарын турш бэлдсэн бөгөөд гадагшаа явах үйл ажиллагаагтай холбоотойгоор “Хаан аялал” компанид хандсан байна.
Тус компани 92 сурагчийн хоёр талын нислэгийн зардал болон бусад зардлыг тооцож, сурагч тус бүр 3.5 сая төгрөг гэж тооцоолжээ. Ингээд эцэг эхчүүдээс 100 хувь мөнгийг нь хурааж авсан байна.
Харин бүжгийн үзүүлбэрт оролцохтой зэрэгцэн аяллын компани сураг тасарсан талаар сургалтын төвийн удирдлагууд эцэг эхийн төлөөлөлд мэдэгдээд байна. Ингээд хүүхдүүд бүжгийн тэмцээнд оролцох боломжгүй болохоос мөнгөө алдаж хүлээлтийн байдалд оржээ. Өдгөө тус “Хаан аялал” ХХК-ийн гурван удирдах албан тушаалтан тус хэрэгт сэжигтнээр татагдан БГД-ийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж, 72 цагийн хугацаатай цагдан хоригдож байгаа аж. Энэ талаар “Марифоса” бүжгийн сургалтын төвийн удирдлагуудаас тодруулахад “Тус асуудалтай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ үед мэдээлэл өгөх нь хориотой учир бид мэдээлэл өгөхгүй” гэх тайлбарыг өгсөн юм.
Харин эцэг эхчүүдийн төлөөлөл "Бид энэ үүссэн асуудалд маш их гомдолтой байна. Олон сар бэлтгэл хийсэн хүүхдүүд маань зорьсон бүжгийн тэмцээндээ оролцох боломжгүй боллоо. 15 жилийн туршлагатай сургалтын төв байж ийм хариуцлагагүй хандсанд гайхаж байна. Тус компанийн хүмүүс 72 цагийн дараа ямар арга хэмжээ авах нь тодорхой болох байх гэж найдаж байна" гэлээ. Дээрх мэдээллийг бид хэн нэгэн компанийг буруутгах бус иргэдэд сэрэмжлүүлэг болгох зорилгоор бэлтгэсэн болно. Энэ талаар эргэн мэдээлэх болно.