Төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ.
Тус музейд хүрээлэнг нэгтгэснээр зохион байгуулалтын бүтэц болон үндсэн үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй бөгөөд төрийн байгууллагын чиг үүргийн давхардал арилж, Чингис хаан судлалыг хөгжүүлэх, түүний өв уламжлалыг хадгалж хамгаалах, сурталчлах арга хэмжээг нэгдсэн арга зүй, зохистой удирдлагаар хангах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны давхардсан зардлыг хэмнэх зэрэг эерэг үр дүн гарна. Түүнчлэн, “Чингис хаан” үндэсний музейг Чингис хаан судлалын олон улсын төв болгон бэхжүүлж, хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болно гэж үзэж байна.