Эрчим хүчний салбарынхан авлига, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн зэрэг асуудлаар шил дараалан шалгагдаж байна. Харин нөгөө талд Эрчим хүчний сайдыг огцрох, хариуцлага хүлээх ёстой гэсэн шаардлагыг сөрөг хүчин болох АН-аас өгч буй. Тэгвэл МАН-ын залуучуудын байгууллагаас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг хариуцлага хүлээхийг шаардаж эхэллээ. Тэгвэл энэ шаардлагынх нь талаар МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Мөнхжинтэй ярилцлаа.
ВИДЕО:
"МАН АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА САЙД, ДАРГА НАРТАА ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БАЙХ ЁСТОЙ"
-Таны хувьд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцож, хатуу арга хэмжээ авах ёстой гэх агуулга бүхий шаардлага хүргүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. Ер нь шаардлага хүргүүлэх болсон үндэслэл юу вэ?
-Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2022 оноос хойш энэ салбарын сайдаар ажиллаж байна. Өмнө нь мөн адил олон өндөр албан тушаал хашиж байсан. Миний шаардлага хүргүүлж байгаа гол үндэслэл нь зөвхөн Б.Чойжилсүрэн сайдад хандсан биш юм. Миний хувьд МАН-д элссэн шинэ залуу боловсон хүчиний хувьд ажлаа хийж чадахгүй байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцдог байх ёстой гэсэн байр суурьтай байна. Гэтэл эдгээр хүмүүст хариуцлага тооцох нь битгий хэл дахин, дахин сонгогдсон хэвээр байна.
-Шаардлагаа албан ёсоор хэзээ хүргүүлэх вэ?
-Өнөөдрийн байдлаар шаардлагаа хүргүүлэхийн тулд хуульч нараас зөвлөгөө авч байна. Цаашлаад намайг дэмжих залуустай холбогдож байна. Бэлтгэл үе шат гэж хэлж болох юм. Ерөнхийдөө энэ долоо хоногт багтаан хүргүүлэх төлөвлөгөөтэй байна.

"УЛИРАН САЙДАА ХИЙДЭГ ЭСВЭЛ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДЧИХДОГ БАЙЖ БОЛОХГҮЙ"
-Өнөөгийн нөхцөлд нийслэлчүүд эдгээр хүйтэн өдрүүдийг олон хоног цахилгаан, дулаан тасалдсан байдалтайгаар давж байна. Эрчим хүчний салбарын одоо яг өнөөгийн нөхцөл байдлыг та ер нь юу гэж хардаг вэ?
-Би эрчим хүчний салбарын мэргэжлийн хүн биш. Иймд, намайг эрчим хүчний салбарыг шүүмжилэхээр хүмүүс асуудал руу бус харин намайг шүүдэг. Гэхдээ миний хувьд эрчим хүчний салбар гэхээс илүү хариуцлага хүлээдэг тогтолцоог хүсэж, шаардаж байгаа юм. МАН, АН, Хүн нам зэрэг үл хамааран ажлаа хийж чадахгүй сайд дарга нартаа хариуцлага тооцдог байх ёстой. Монгол Улсын иргэн бүрийн амьдралыг шууд болон шууд бусаар шийдэж байгаа сайд, дарга нар ажлаа хийж чадахгүй бол зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Улс төрч нарт иргэд өртэй юм шиг л нөхцөл байдалтай байна. Улиран сайдаа хийдэг эсвэл элчин сайдаар томилчихно. Мөн өөр нэг агентлагийн даргаар томилчихдог. Энэ тогтолцоог л өөрчилөхийг хүсэж байна.
-Энд онцлон тэмдэглэх ёстой нэг асуудал бол бид өөрсдөө дулаан, цахилгаанаа үйлдвэрлэх л ёстой болчихоод байна. Гэтэл дулаан, цахилгаанаа хамтдаа үйлдвэрлэх төслүүд гацсан хэвээр байх шиг байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Тийм ээ. Энэ салбарт “ДЦС-5”-ын тухай 20 жил яригдаж байна. Гэтэл нөгөө талд салбарын сайд биднийг сайн ажиллаж байна гэдэг агуулга л яриад байна. Мэдээж тодорхой хэмжээний хийх ёстой ажлууд хийгдсэн байх. Гэхдээ гол асуудал нь энэ салбарт өнгөрсөн хугацаанд хэр их хэмжээний мөнгийг зарцуулсан атлаа ийм нөхцөлд хүрэв гэдэгт байна. Тухайлбал, Улаанбаатар хотыг 500 мянган хүн амтай байхаар төлөвлөж, Оросууд барьж өгсөн. Иймд одоо түгжрээд байна гэж тайлбарладаг. Үгүй шүү дээ. Энэ нь төрийн бодлого муу хэрэгжсэний үр дүн юм.
Бидний эрчим хүчний хэрэглээ жил тутам нэмэгдэж байгаа хэдий ч энд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. 30-40 жил болчихсон тэр станцуудаа яагаад засахгүй, шинэчлэхгүй байгаа юм бэ. Энэ бол иргэн бүрийн бодож байгаа зүйл.
Иргэд одоо хэдий болтол болохгүй байгаа зүйлсийн хажуугаар чимээгүй суух билээ. Би залуу хүний хувьд манлайлал үзүүлэхийг хүсэж байна.

"МАН-ЫН ГИШҮҮН Ч ГЭСЭН БОЛЖ БҮТЭХГҮЙ ЗҮЙЛСИЙН ХАЖУУГААР ДУУГҮЙ ӨНГӨРЧ ЧАДАХГҮЙ"
-Таны шаардлагын тухай бус, хувь хүний тухай ярилцья. МАН-д хэзээ гишүүнчлэлээ албан ёсоор авч элссэн бэ. Яагаад заавал МАН-ыг сонгосон юм бол. Үзэл баримтлалын хувьд нийцсэн үү?
-Би өнгөрсөн жил МАН-д албан ёсоор элссэн. МАН бол 100 гаруй жилийн түүхтэй ууган нам. Гэхдээ би энэ намыг гишүүн ч гэсэн болж бүтэхгүй зүйлсийн хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй. Харин ч эсэргээрээ би өөрөө манлайлал үзүүлж, тэр зүйлсийн эсрэг тэмцэх болно.
-Та Социал Демократ Монголын залуучуудын холбооны УЗ-ийн гишүүн. Та өнөөдөр нэг салбарын сайдад шаардлага хүргүүлж байна. Танд намын тань ах нараас дарамт шахалт ирэх болов уу?
-Сайн мэдэхгүй байна. Одоохондоо тийм хандлага мэдрээгүй байна. Би хууль зөрчөөгүй. Ийм асуудал үүсэхгүй гэж бодож байна. Эхнэр, найзынхаа нэр дээр хэдэн арван тэрбумыг нь авчихдаг. Элдэв зээлийн сангуудыг нь авдаг. Энэ мэт асуудлуудтай л би эвлэрч суумааргүй байгаа юм. Энд ганц жишээ татъя. Маш их хэмжээний мөнгө зарцуулж, Дархан-Уул аймагруу нүүлгэсэн ХХААХҮЯ өнөөдөр хотод буцаж ирэх үү. Эсвэл Дорнод аймаг руу нүүх ёстойгоо ч мэдэхгүй л байна.
-Таныг маш олон хүн хардаж байна. Та 2028 онд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?
-Миний төлөвлөгөө бол эцэг өвгөдийн нутаг болох Булган аймгийн Бугат сумын захиргаанд ажилд орох хүсэлтээ өгсөн байгаа. Би одоогоор гишүүн гэхээс илүү сумын захиргаанд анхан шатнаас ажиллахыг хүсэж байна. Миний мэргэжил бол засаг захиргааны удирдлага юм.

-Та ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл байна уу?
-Залуу хүний хувьд улс төрийн оролцоогоо нэмэгдүүлэхээр шийдсэн. Залуус бүгд улс төрийг ойлгож, дуу хоолойгоо хүргэдэг байгаасай гэж хүсэж байна. Эх орондоо эзэн нь байх хэрэгтэй байна. Миний хувьд эх орныхоо өмнө өргөсөн тангарагтай хилийн цэргийн ахлах түрүүч хүн. Монгол улсын иргэн бүр дэлхийн хаана ч толгойг удаахгүй явахад бидний хэдэн нөхөд үүрд мартагдсан ч яах вэ гээд би яг их сургууль төгсөж байхдаа энэ үгийг бичиж байсан. Чадан ядан өшөө их сурч мэдэж боловсорч чадах бүхнээ эх орныхоо төлөө хийх болно оо л гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.