Улс төрийн намууд өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсан найруулга, Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулинд нийцүүлэн 2025.12.31-ний өдрийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлэх ёстой байсан. Тэгвэл энэ хугацаанд бүртгэлтэй 37 намаас 29 нь намын дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд өргөдлөө ирүүлжээ.
-УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭЛТЭЙ 37 НАМААС 29 НЬ ӨРГӨДЛӨӨ ИРҮҮЛСЭН БӨГӨӨД ТЭДНИЙ ДОЛООГИЙНХ НЬ Л ДҮРМИЙГ БҮРТГЭЖ АВЧЭЭ. ОГТ ӨРГӨДӨЛ ИРҮҮЛЭЭГҮЙ НАЙМАН НАМ БАЙНА-
Эдгээрээс МАН, АН, МҮАН, Их нам, Их эв эе нам, Миний Монгол нам, Иргэдийн оролцооны нэгдэл зэрэг 7 намын бүртгэлийг хуульд нийцсэн гэж үзэн өргөдлийг хүлээн авч, бүртгэжээ. Харин бусад 22 нь 1-5 удаа өргөдөл ирүүлснийг Улсын дээд шүүхээс судалж, зарим нь буцааж, заримд нь татгалзсан хариу өгсөн байна. Тухайлбал, ИЗЗН таван удаа өргөдлөө ирүүлснээс гурван удаад нь мөн Л.Гүндалайн Ард түмний хүч нам, Үнэн ба Зөв намын өргөдлийг бүртгэхээс тус бүр нэг удаа татгалзжээ. Татгалзсан үндэслэлийг мөн ЭНД дарж уншина уу. Тэгвэл огт ирүүлээгүй найман нам байна.
Тодруулбал,
- Монголын либерал нам
- Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам
- Ард түмний нам
- Хамуг Монголын хөдөлмөрийн нам
- Монголын шинэчлэлт
- ШИНЭ нам
- Зүй ёс нам
- Ардчилал шинэчлэлийн нам зэрэг нь дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлөө Улсын дээд шүүхэд ирүүлээгүй аж.


-ӨРГӨДЛӨӨ ИРҮҮЛЭЭГҮЙ НАЙМАН НАМЫН ОЛОНХ НЬ АН-ЫН УГШИЛТАЙ ХҮМҮҮСИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛСАН НАМ БАЙНА-
Монголын либерал намын даргаар Б.Амгаланбаатар УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр АН-тай эвсэж буйгаа зарлаж, батламжаа гардан авч байв. Гэтэл намаа албан ёсоор татан буулгахгүй байж байгаад намын нэрэээ “Ардчилсан монгол ялна” нам болгон өөрчлөхөөр Улсын дээд шүүхэд 2023 онд хандсан байдаг. Улсын дээд шүүх тус хүсэлтийг хүлээн аваагүй юу ямартай ч 2025 онд дахин АН-д нэгдэх хүсэлтээ тус намын ЕНБД-аар ажиллаж байсан Н.Ганибалд хүргүүлж, албан ёсоор нэгдэж байсан юм. Харин Монголын эмэгтэйчүүдийн үндэсний намын даргаар Б.Саранцэцэг гэх эмэгтэй ажилладагаас өөр бусад мэдээлэл алга байна. Ард түмний нам нь Л.Гүндалай түүний эхнэр Л.Аззаяа нарын үүсгэн байгуулсан Ард түмний хүч намтай төстэй нэртэй ч бодитой мэдээлэл мөн л бүртгэлгүй байна. Харин Хамуг Монголын хөдөлмөрийн намыг УИХ-ын гишүүн асан, талийгаач Ц.Шинэбаяр 2011 онд үүсгэн байгуулж байсан бөгөөд даргаар нь филисофич С.Молор-Эрдэнэ ажилладаг. Талийгаач Ц.Шинэбаяр нь МАХН-ын угшилтай бөгөөд Н.Энхбаярын үед намаа нэгтгэж байгаад салсан түүхтэй. Үргэлжлүүлэхэд, Монголын шинэчлэлт намын даргаар Н.Жамсран гэж хүн ажиллах бөгөөд 2019 онд улсын бүртгэлд бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандасныг хүлээн авч бүртгэсэн байна.
Харин ШИНЭ намыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд үүсгэн байгуулж, хоёр ч удаагийн сонгуульд ашиглаад эцэст нь АН-тай нэгтгэсэн. Ж.Батзандан өнгөрсөн онд АН-ын квоттой Засгийн газрын харъяа байгууллагад даргын албан тушаал хашсан бол Л.Болд нь Бельгийн ванд улсад суух Элчин сайдаар томилогдсон. Ж.Батзандан 2025 оны хавар ШИНЭ намыг хадганд боогоод АН-тай нэгдэх хүсэлт тавьсаныг тус намын гишүүдийн эсэргүүцэл, буцаалт дунд хүлээн авсан юм.
Харин Зүй ёс намыг 2019 онд Б.Насанбилэг нарын хүсэлтээр Улсын Дээд шүүх бүртгэж байв. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд "Зүй ёс нам" ХҮН болон Монголын социал демократ намтай хамтран “Зөв хүн электорат” эвслийг байгуулан оролцож байсан билээ. Энэ эвслээс ХҮН-ын дарга Т.Доржханд л парламентад сууж чадсан. Намын дарга Б.Насанбилэгийн тухайдЯпон улсад 1998-2008 он хүртэл сурч, ажиллаж байжээ. Тодруулбал, Японы “Сожицу корпораци”-ийн судалгааны хүрээлэнд судлаачаар, Японы “Сожицу корпораци”-ийн Монголд дахь төлөөлөгчийн газрын дэд захирлаар, 2012 оноос тус газрын ерөнхий менежерээр, Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр 2014 оноос хойш ажиллаж байсан намтартай. Бас нэг мэдээлэл байгаа нь Ардчилал шинэчлэлийн намыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үүсгэн байгуулж өөрийн тойрон хүлээгч залуус болох Э.Бямбацэрэн зэрэг залуусаар үйл ажиллагааг нь явуулуулж байв. Тус намыг Улсын дээд шүүх 2020 онд бүртгэж байжээ. Тус нам нь АН-ын угшилтай хүмүүсийн нэгдэл билээ.
-ДҮРМИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ Ч ТУС НАМУУДЫГ ИДЭВХГҮЙД ТООЦОХ БОЛОМЖГҮЙ. ЗӨВХӨН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ НЬ Л ДОРДОНО-
Улсын дээд шүүхээс саяхан нэг шийдвэр гаргасан нь намын дүрмийн өөрчлөлтийг 2025 оны 12 сарын 31-ний өдөр амжиж бүртгүүлээгүй намуудад дахин 60 хоногийн боломж олгосон тухай юм. Тус шийдвэрийг ЭНД дарж унших. Харин огт өргөдөл ирүүлээгүй 8 намыг идэвхгүйд тооцож улмаар тэд үйл ажиллагаа явуулах боломжгүй болох уу, сонгуульд оролцож чадахгүй болох уу гэх асуулт тулгарч байгаа.
Тэгвэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Улс төрийн намын тухай хуулиудаар тус намуудыг идэвхгүйд тооцохгүй зөвхөн эрх зүйн байдал нь л дордох аж. Өөрөөр хэлбэл, заавал бүртгүүлэх ёстой гэсэн хатуу шаардлага алга. Учир нь тус хуулиудаар санхүүжилтээ ил тод болгоогүй, УИХ-ын сонгуульд оролцоогүй зэрэг тохиолдолд л улс төрийн намыг идэвхгүйд тооцно гэсэн байна.
Тодруулбал, Дүрмийн шинэчлэлийг Улсын дээд шүүхэд хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд идэвхгүйд тооцно гэсэн заалт байхгүй учир хэнэггүй нөхдийг сонгууль дөхүүлж байгаад журмаар хазаарлаж болох боломж байгаа аж.
Тэгэхээр энэ бол Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн "цоорхой" болж таарч байна.