Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Хэнтий аймагт болно

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Хэнтий аймагт болно

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотод энэ сарын 23-нд эхэлнэ.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 49, эмэгтэйчүүдийн 34, холимог багийн 12 дахь удаагийн тэмцээнд 32 клуб, спорт хорооны 320 орчим тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Хэнтий аймгийн жүдо бөхийн холбооны нэрэмжит УАШТ-ий гол зорилго нь орон нутагт энэхүү спортыг жигд хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Түүнчлэн түрүүлсэн болон медаль хүртсэн тамирчид үндэсний шигшээ багт нэр дэвших эрхтэй болно. 

Эрэгтэйчүүдийн долоон жингээс 60 кг-д хамгийн олон буюу 40 тамирчин барилдах аж. Харин 66-д 36, 73-т 35, 81-т 36, 90-д 29, -100-д 17, +100-д 16 тамирчин барилдахаар мэдүүлэв. Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-д 19, 52, 57-д тус бүр 18, 63-т 17, 70-д 13, -78д 11, +78-д 12 тамирчин барилдахаар бүртгүүлсэн байна.

Тэмцээний сугалааны үйл ажиллагаа маргааш болно. Харин энэ сарын 23-нд эмэгтэйчүүдийн 57, 70, -78, +78, эрэгтэйчүүдийн 73, 90, -100, +100 кг-ын жингийн барилдаантай. 24-нд эмэгтэйчүүдийн 48, 52, 63, эрэгтэйчүүдийн 60, 66, 81 кг-ын жингийн барилдаан болох бол 25-нд холимог багийн 12 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн болсноор 2026 оны насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөнө.