Хятадын хойд хэсэгт орших Өвөр Монголын өөртөө засах оронд Баоган Юнайтед гангийн үйлдвэрт томоохон дэлбэрэлт болж, хоёр хүн амь үрэгдэн, 84 хүн шархадсан бол таван хүнийг одоогоор сураггүйд тооцоод байна гэж БНХАУ-ын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ
Дэлбэрэлт өчигдөр /2026.01.18/ орон нутгийн цагаар 15:00 цагийн орчимд болэ, тухайн бүс нутагт хүчтэй чичиргээ үүсгэсэн байна. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгүүдэд тэнгэр өөд их хэмжээний хар утаа суунаглаж, үйлдвэрийн доторх тааз, хоолой, барилгын хэсгүүд нурж унасныг харуулжээ.
Ослын улмаас эмнэлэгт хүргэгдсэн хэдэн арван хүний тав нь хүнд гэмтэл авсан бөгөөд эмч нар тэдний биеийн байдлыг анхааралтай ажиглаж байгаа аж. Эрх баригчид дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор шалгалт эхлүүлээд байна.
Өвөр Монголын Баоган Юнайтед гангийн үйлдвэр нь Хятадын төрийн өмчит томоохон төмөр, гангийн үйлдвэрүүдийн нэг аж.
Хятад улсад өмнө нь ч үйлдвэрийн дэлбэрэлт, уурхайн нуранги, хөрсний гулгалт зэрэг томоохон ослууд удаа дараа гарч байсан. Тухайлбал, 2015 онд Тяньжин боомтод болсон хоёр удаагийн дэлбэрэлтийн улмаас 173 хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн шархадан, хотын томоохон хэсэг сүйрсэн. Мөн өнгөрсөн оны тавдугаар сар /2025.05/-д Шаньдун муж дахь химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, таван хүн амь үрэгдэж, дор хаяж 19 хүн шархадсан бөгөөд ойролцоох барилгуудын цонхнууд хагарч байсан юм.
Эх сурвалж: BBC