“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадмаар найман төрлийн тэмцээн болно

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадмаар найман төрлийн тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам, тэмээчдийн V зөвлөгөөн Дундговь аймгийн Мандалговь хотод энэ сарын 24, 25-нд болно.

Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь монгол тэмээг сурталчлах, ашиг шимийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оршиж байгааг зохион байгуулагчид онцоллоо.

Энэ үеэр

  • -Дөрвөн насны тэмээний уралдаан /шилбэн болон хөгшин тайлаг, ат, тором/
  • -Тэмээн харваа
  • -Тэмээн поло
  • -Тэмээн дээрээс шагай шүүрэх
  • -Буйл зорох
  • -Бурантаг томох
  • -Эмнэг тэмээний туйлаан

Тэмээтэй буухиа гэсэн монгол тэмээг сурталчлах найман төрлийн тэмцээн зохион байгуулах аж. Түүнчлэн сайхан тэмээтэй ганган хос, шилмэл буур, ингэ шалгаруулахын зэрэгцээ тэмээний сүү, цагаан идээ, ноос, арьсаар хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэн гаргах ажээ. Тэмээчдийн V зөвлөгөөнөөр “Тэмээн соёлыг хадгалах, хамгаалах бодлого, үйл ажиллагаа”, “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөө, бодлого” болон “Аялал жуулчлалыг тэмээн соёлтой уялдуулан хөгжүүлэх” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, зөвлөмж гаргахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн жилийн тэмээчдийн баярыг Дорноговь аймагт “Их говийн тэмээ-2025” нэртэй зохион байгуулсан. Монгол Улсын хэмжээнд 2024 онд 480 мянган тэмээ тоолуулсан бол 2025 оны тооллогоор 501 мянга болж өссөн байна. “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам энэ сарын 24-нд шилбэн тайлагны уралдаанаар эхэлж, тэмээтэй ёслолын жагсаалаар үргэлжилнэ. Энэхүү наадмын хөтөлбөрийг хүргэж байна.