Өвлийн олимпод оролцох тамирчдаа үдэж, төрийн далбаагаа гардуулжээ

Өвлийн олимпод оролцох тамирчдаа үдэж, төрийн далбаагаа гардуулжээ

Италийн Милан, Кортина д’Ампеццо хотод болох өвлийн олимп хөшгөө нээхэд 24 хоног үлдсэн талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. 

Тус наадамд оролцох Монголын тамирчдад хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулах ёслол Монголын үндэсний олимпын хорооны “Олимпик хаус”-т боллоо. Тус үйл ажиллагаанд олимпод оролцох тамирчид, дасгалжуулагчдаас гадна ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам тэргүүтэй албаныхан оролцов. Дэлхийн 90 гаруй орны 3500 орчим тамирчин өвлийн долоон спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Манай улсаас гүйлтийн болон уулын цанын төрөлд гурван тамирчин оролцох бөгөөд Монголын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Номин ажиллах юм. ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам төрийн далбааг А.Ариунбатад, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг МҮОХ-ны далбааг Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нарт гардуулав. Тамирчид төрийн далбаагаа гардан авсны дараа тамирчны тангаргаа өргөлөө.

Манай гүйлтийн цанын тамирчид скиатлон, спринт, 10 км гэсэн гурван зайд ирэх сарын 7-ноос эхлэн уралдана. Харин А.Ариунбатын тухайд уулын цанын слалом төрөлд ирэх сарын 16-нд өрсөлдөх юм. ОУОХ-ны “Эв санааны нэгдэл” хөтөлбөрийн хүрээнд цанын спортын гурав, тэшүүрийн нэг тамирчныг тэтгэлэгт хамруулснаас гадна олимпын наадмын үеэр ажиллах цанын тосолгооны мэргэжилтний зардалд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа аж.