“Цемент шохой” ХК-ийг 2015 онд хувьчилсан ч, Л.Оюун-Эрдэнэ хувьчлалыг хүчингүй болгосноор зээл төлөлт нь зогсож Хөгжлийн банканд 450 тэрбумын өртэй болжээ

“Цемент шохой” ХК-ийг 2015 онд хувьчилсан ч, Л.Оюун-Эрдэнэ хувьчлалыг хүчингүй болгосноор зээл төлөлт нь зогсож Хөгжлийн банканд 450 тэрбумын өртэй болжээ

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл чуулганы хуралдаанд оролцох үеэрээ “Тухайн үеийн Хөтөл буюу “Бейзмент” компани Хөгжлийн банкнаас 61,2 сая долларын зээл аваад өнөөдрийг хүртэл төлөөгүй. Үүний хүү торгууль, алданги нийлээд 450 орчим тэрбум орчим төгрөгт хүрсэн. Энэ нь Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 30 гаруй хувийг бүрдүүлж байгаа. Зөвхөн энэ асуудалтай холбогдуулаад 300 гаруй тэрбум төгрөгийн эрсдэлийн фонд үүсгэчихээд явж байна. Ажлын хэсгийн хүрээнд Засгийн газрын хуралдаан руу нэг асуудал оруулах гэж байна. Тэр бол Хөгжлийн банк, “Хөтөлийн цемент шохой” ХХК-ийн тодорхой хувийг шилжүүлж авах асуудлыг ярьж байна. Хууль хяналтын байгууллагаар маргаан үргэлжилж байна. Үүнд итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллаж байна” гэсэн.

-"ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙ" ХХК-ИЙН ТӨЛӨӨГҮЙ 450 ТЭРБУМ ТӨГРӨГ НЬ НИЙТ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН 30 ХУВИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА-

Хөгжлийн банкнаас “Хөтөлийн цемент шохой” ХХК-д олгосон 61,2 сая долларын зээлийн гэрээний хугацаа 2020 онд дуусгавар болжээ.

Угтаа бол холбогдох шийдвэрүүдийн дагуу 2015 онд “Цемент шохой” ХК-ийг “Хөтөл” ХХК-д хувьчилсан боловч 2022 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тус хувьчлалыг хүчингүй болгосноор 2023 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүрэлдэхүүнд оруулсан байдаг. Ингээд “Хөтөл” ХХК-ийн оруулсан 275,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын дүнг “Цемент шохой” ХХК-ийн 2023 оны тайлан бүртгэлд эздийн өмчөөс хасаж, бусад урт хугацаат өр төлбөрөөр бүртгэжээ.

Энэ хугацаанд “Хөтөл” ХХК-д олгосон зээлийн эргэн төлөлт хийгдээгүй бөгөөд 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн нийт үлдэгдэл болох 450,8 тэрбум төгрөгт байгуулсан эрсдэлийн сан 289,3 тэрбум төгрөг байгаа нь нийт чанаргүй зээлийн 30 хувийг бүрдүүлж, банкны санхүүгийн зохистой харьцаануудыг алдагдуулж байгаа бол нөгөө талаас зээлдэгчтэй холбоотой иргэний, захиргааны болон эрүүгийн хэргүүд хууль, шүүхийн байгууллагад хянагдаж, харилцан хамааралтайгаар түдгэлзэх, хүлээгдэх, хүчингүй болох зэргээр цаг хугацааны хувьд удааширч улмаар Хөгжлийн банкны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна.

- “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-ИЙГ ХӨГЖЛИЙН БАНКАНД ШИЛЖҮҮЛЭХЭЭР ГАРГАСАН АЖЛЫН ХЭСГИЙН САНАЛЫГ  ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛД ТАНИЛЦУУЛЖ, ДЭМЖИГДСЭН БОЛОВЧ УГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ АЛБАЖААГҮЙ БАЙНА-

Уг зээлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Хөгжлийн банк, “Эрдэнэс Монгол” ХХК болон “Цемент шохой” ХХК нарын хамтарсан ажлын хэсгийг 2025 оны гуравдугаар сард байгуулж АТГ-аас тогтоосон дүнгээр буюу “Хөтөл” ХХК-аас “Цемент шохой” ХХК-д оруулсан 190.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Цемент шохой” ХХК-ийн 100 хувийн хувьцаанд тооцож Хөгжлийн банканд шилжүүлэхээр гаргасан ажлын хэсгийн саналыг 2025 оны 4 арын 16-ны өдрийн Засгийн газрын хуралд танилцуулж, дэмжигдсэн боловч уг Засгийн газрын тогтоол өнөөдрийг хүртэл албажаагүй тул хэрэгжүүлэхэд учирч байгаа аж.

Цаашид Хөгжлийн банкнаас “Хөтөл” ХХК-д олгосон зээлд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй тохиолдолд тус зээлийн эрсдэлийн сангийн хэмжээ нэмэгдэж, хууль, шүүхийн маргаантай холбоотой асуудал дахин 3-5 жил үргэлжлэх, банкны эх үүсвэр татан төвлөрүүлэх болон санхүүжилтийн үйл ажиллагаанд үүссэн сөрөг нөлөө хэвээр хадгалагдах тул талуудад үүсэж болзошгүй эрсдэлүүд болон тэдгээлийн хооронд үүссэн өглөг, авлагын нөхцөл байдлыг харгалзан үзэж төрийн өмчийг хамгаалах үүднээс “Цемент шохой” ХХК нэмэлт хувьцаа гаргаж Хөгжлийн банканд эзэмшүүлэх ба хувьцааны төлбөрийг Хөгжлийн банкнаас “Хөтөл” ХХК-д олгосон зээлтэй холбоотой 450.8 тэрбум төгрөгийн авлагыг шилжүүлэх замаар барагдуулах саналыг гаргасан байна.