СУРВАЛЖИЛГА: Х.Нямбаатар санаачилж, “Голомт”-ын Д.Баясгалан гүйцэтгэснээр Урт цагааны суурин дээр худалдааны төв баригджээ

СУРВАЛЖИЛГА: Х.Нямбаатар санаачилж, “Голомт”-ын Д.Баясгалан гүйцэтгэснээр Урт цагааны суурин дээр худалдааны төв баригджээ

Нийслэлийн өмчийн 3-р байр буюу Урт цагаан худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх шийдвэр гарч, 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн. Уг байршилд зөвхөн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаас гадна B1 давхартайгаа нийлсэн нийт дөрвөн давхар “төр”-ийн худалдааны төв байгуулах шийдвэр гарсан. 

ВИДЕО:

"ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 44 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛЖ, “ТӨР” ДАХИН НЭГ ХУДАЛДААНЫ ТӨВТЭЙ БОЛЛОО"

Улмаар 2024 оны нэгдүгээр сард эхэлсэн тус бүтээн байгуулалтын ажил Үндэсний их баяр наадмаас өмнө дуусгана хэмээн мэдэгдэж байсан ч хугацаандаа амжиж дуусгаагүй юм. Харин 2025.12.28-ны өдөр Хотын дарга Х.Нямбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нар Төв Цэнгэлдэх хүрээлэнд ажиллах үед хотын дарга “Урт цагааны худалдааны төвийн барилгын ажил дуусч, Улсын комисс хүлээж авсан” хэмээн мэдэгдлээ. Мөн Урт цагааны худалдааны төвөөс гадна дахин нэг худалдааны төвийг барихаар төлөвлөж буй тухайгаа танилцуулсан юм. Ингэснээр татвар төлөгчдийн 44 тэрбум төгрөгийг зарцуулж, “төр” дахин нэг худалдааны төвтэй боллоо.

Манай улс бол чөлөөт зах зээлтэй ардчилсан улс. Гэтэл төр стандартаа баримтлах, бодлого тодорхойлох оронд худалдааны төв барьж хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж буй жишиг үргэлжилсээр байна. Харин бидэнд төр худалдааны төвтэй байх шаардлагагүй гэдгийг батлан харуулах арвин туршлага бий. Тухайлбал, 2013 онд улсын төсвийн 9.7 тэрбум төгрөгөөр 10 аймагт худалдааны төв барих шийдвэрийг гаргаж, үе шаттайгаар ашиглалтад оруулсан. Харин тус худалдааны төвүүдийн үйл ажиллагаа тогтворгүй, аюулгүй байдлыг хангадаггүйгээс шалтгаалан шил дараалан “шатах” боллоо.

“ТӨРИЙН ГЭХ 10 ХУДАЛДААНЫ ТӨВ ОРОН НУТАГ БИЙ БӨГӨӨД ХОЁР НЬ ШАТАЖ, ХОЁР АЖИЛЛАДАГГҮЙ”

2025.04-р сард Хөвсгөл аймгийн төвийн "Шинэ Мөрөн" худалдааны төвд гал гарч, 300 гаруй түрээслэгчдийн хохирлыг төр барагдуулах ёстой гэх асуудал үүссэн. Галын аюулгүй байдал хангагдаагүйгээс болж шатсан  тус худалдааны төвийг дахин барихад Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5.2 тэрбум төгрөг олгох шийдвэр гарсан.

Мөн 2025.11.25-нд Увс аймгийн “Шинэ Улаангом” зах галын аюулгүй байдлыг хангаагүйгээс болж шатсан харамсалтай хэрэг дахин давтагдлаа. Тус худалдааны төвийг дахин барихад улсын төсвийн 3 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гарсан байдаг. 

Товчхондоо, 2013 оноос эхлэн “Төр”-ийн гэх тодотголтой 10 худалдааны төвийн хоёр нь шатаж, хоёр нь огт ажилладаггүй . Мөн тус худалдааны төвүүд үргэлж алдагдалтай ажилладаг гэж салбарынхан онцолдог. Тэгвэл энэ жишгийг үргэлжлүүлэн, төрийн гэх тодотголтой “Урт цагааны худалдааны төв” удахгүй ашиглалтад орох нь.

"ГОЛОМТЫН Д.БАЯСГАЛАН НИЙСЛЭЛИЙН ӨМЧӨӨР БАС НЭГЭН БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛНЭ"

Цаашлаад уг бүтээн байгуулалт нь ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн олон нийт шүүмжилдэг. Учир нь тус бүтээн байгуулалтын тендерийг 2024 оны гуравдугаар сард зарлаж, гүйцэтгэгчээр "Бодь пропертийз" ХХК шалгаруулсан. Уг компани нь "Бодь групп"-ийн охин компани бөгөөд "Голомт"ын гэх тодотголтой Д.Баясгалангийн эзэмшлийнх юм. Өөрөөр хэлбэл, Голомтын Д.Баясгалан нийслэлийн өмчөөр бас нэгэн бизнесээ эхлүүлэх гэж байна гэсэн үг. Д.Баясгалан нь нийслэлийн болон улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийн гүйцэтгэгчээр сонгогдох, эсвэл төсвийн мөнгөөр түүний хувийн бизнесийг тэтгэсээр ирсэн. Эргэн сануулбал, Х.Нямбаатар Нийслэлээс бонд босгож, 300 тэрбум төгрөгөөр Голомтын Д.Баясгалангийн “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-д хөрөнгө оруулалт хийсэн. Мөн Х.Баттулга ерөнхийлөгч болсноор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг оффтейк гэрээ байгуулан “Бодь групп”-ээр хийлгэх зэргээр Д.Баясгалан нь төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоо харилцаа тогтоож, бизнесээ өргөжүүлэн, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж түүнээсээ ашиг хонжоо олж байдгийг нотлох баримт хангалттай бий.