УИХ-ын чуулганы /2025.12.25/-ны өдрийн хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Гэтэл энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай “Өмчгүй төр хүчгүй” гэсэн ардчилсан зарчимд үл нийцэх зүйл яриад сууж байгаа нь социалист орны төрийн түшээн жишгийг харууллаа.
-УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙН "ТӨР ӨМЧТЭЙ БАЙХ ЁСТОЙ" ГЭХ СОЦИАЛСИТ ҮЗЭЛ-
Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, “Өмч, хувьчлалд болгоомжтой хандаж байна. Учир 1992-2000 оны хооронд хийсэн өмч хувьчлал ерөнхийдөө Монголчууд бүгд хуудуутай болсон гэсэн ойлголттой болсон. Тухайн үеийн эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр дарга нар эдгээр компаниудыг хувьчлаад авсан дүр зурагтай байдаг. Тэр төрийн өмчийн компанид ажиллаж байсан бүх ажилтан, албан хаагчдыг гудамд гаргасан. Энэ тогтоолын төслийн мэдээлэлд ажилчин, албан хаагчийг нь аваад үлдэнэ, цомхотгохгүй гэсэн байна. Энэ нь маш бэрхшээлтэй. Авсан компани, хувь эзэмшиж байгаа компанид менежмент хийгээд л үр ашгийг нэмэгдүүлнэ. Баахан ухаалаг юм яриад л, хавчиж гадуурхсаар ажилчин албан хаагчдыг нь цомхотгоод, байж суух газаргүй болгож өргөдлийг нь өгүүлээд л гаргадаг. Өмчгүй төр хүчгүй гэж. Стратегийн холбогдолтой төрийн өмчит компаниудыг хувьчилчихдаг. Дараа нь үнээ нэмлээ гэж тэд крантаа хаахад бид яаж ч чадахгүй” гэсэн зүйлийг ярьсан. Төр өмчтэй байгаад, төр бүх бизнес рүү ороод хөгжил дэвшилд бус дампууралд хөтөлдгийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харсан. Хувьчлал хийгдэж байж л улс орны эдийн засаг хөгждөг гэдгийг, төр өөртөө бүхнийг авлаа гээд эдийн засгийн уналт руу хөтөлдгийг ч дэлхийн олон улсын жишгээс харж байгаа.
ВИДЕО:
-АРГЕНТИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МИЛЕЙ ӨМЧ ХУВЬЧЛАХ, ЭДИЙН ЗАСГИЙГ ЛИБЕРАЛЧЛАХ БОДЛОГЫГ БАРИМТАЛЖ БАЙГААГ ДЭЛХИЙ НИЙТ ЖИШИГ БОЛГОЖ БАЙНА-
Тухайлбал, Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей (Javier Milei) 2023 оны арванхоёрдугаар сард тангараг өргөснөөс хойш радикал чөлөөт зах зээлийн, улстөрийн болон нийгмийн реформууд хэрэгжүүлсэн. Тэрээр уламжлалт Перонист болон төв-баримжаат загваруудаас эрс өөр бодлого явуулж байгаа бөгөөд уг бодлогууд нь эдийн засгийн либералчлал, засгийн газрын зардлын хэт бууралтыг голчлон чиглэгдсэн юм. Тодруулбал, тэрбээр төрийн зардлыг ихээр танасан. Ингэхдээ Засгийн газрын 18 яамыг 9 яам болгож, олон нийтийн ажилчдыг халсан. Санхүүгийн алдагдлыг бууруулахын тулд олон нийтийн төсвийн зардлыг багасгасан.
Аргентиний инфляци өндөр байсан тул Х.Милей хэт мөнгө хэвлэхийг зогсоож, валютын бодлогыг чангатгах зэргээр инфляцийг бууруулсан. 90 орчим үндсэн татварыг устгаж, татварын ачааллыг багасгаж эхэлсэн.
Төрөөс баримталдаг олон хязгаарлалтыг цуцалж, хувийн хэвшлийг дэмжих, өмч хувчлах бодого баримталсаар байна. Үүний үр дүнд Аргентины инфляц буурч, сүүлийн нэг жил орчмын хугацаанд эдийн засаг нь хурдацтай өсөж эхэлснээр дэлхий нийт Хавьер Милейн бодлогыг “маш зөв стратеги” гэж нэрлэх болоод байна. Энэ л жишгээр улс орны эдийн засаг хурдацтай хөгжиж болдгийг харж болохоор байтал манай зарим бодлого гаргагч гишүүд “төр өмчтэй байх ёстой, өмчгүй төр хүчгүй” гэхчлэн ардчиллын зарчимд үл нийцэх зүйлийг яриад сууж байх. Манай улс социализмаас ардчилал руу шилжээд 30 гаруй жил болж байгаа ч зарим бодлого гаргачдын бодол, сэтгэхүй тэртээх 1990-ээд онд гацсан хэвээр байгаа нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж байгаа юм.