ШУУД: Х.Мандахбаяр нарын дэмжиж, Эрүүгийн хуульд оруулсан "Худал мэдээлэл тараах" заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц хэлэлцэж байна

ШУУД: Х.Мандахбаяр нарын дэмжиж, Эрүүгийн хуульд оруулсан "Худал мэдээлэл тараах" заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц хэлэлцэж байна

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр нарын дэмжиж батлуулсан гэгддэг "Худал мэдээлэл тараах" заалтаар Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэсэн тул Эрүүгийн хуулийн 13.14 зүйлээр шүүгдэх хэргүүд түр түдгэлзээд байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл Үндсэн хуулийн цэц сэтгүүлч А.Баярмаа, Ж.Баттуул, иргэн Л.Галбаатар, С.Номынбаясгалан нарын гаргасан гомдлыг өнөөдөр /2025.11.24/ яг одоо хэлэлцэж байна.

ШУУД: 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн “13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах” буюу “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван cap хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... эрх чөлөө, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... эрх чөлөөтэй. ...”, Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтын “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх юм. 

-"МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯР НАР СЭТГҮҮЛЧДИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ЯЛЛАХЫГ ДЭМЖСЭН"-

"Худал мэдээлэл тараах" гэсэн Эрүүгийн тухай хуулийн энэхүү зүйл заалт өмнө нь Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэдэг байсныг 2020 онд Эрүүгийн хуульд оруулсан хуульчилсан байдаг.

Тодруулбал,  тухайн үеийн Хууль зүй дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д оруулж, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны /2020.01.10/ өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан юм. Уг хуулийн төслийг боловсруулж байх үед Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ Ажлын хэсэгт байлцаж, уг заалтыг эрүүгийн хуульд оруулахыг дэмжсэн байдаг. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Гүтгэх асуудлаар сэтгүүлчид эрүүгийн гэмт хэрэгтэн болохыг МСНЭ дэмжсэн" гэдгийг тодотгож байсан юм. Нэг үгээр хэлбэл тухайн үеийн Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар нь сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар яллахыг дэмжсэн гэсэн үг гэгддэг байна.