Энэтхэгийн Элчин сайдын яам болон Гандантэгчэнлин хийд хамтран 40 багц “Монгол Ганжуур” номыг Монголын буддын шашны байгууллагуудад гардуулжээ.
Ганжуурын багц бүр 108 ботитой. Эдгээр багцыг Энэтхэгийн Соёлын яамны Индира Гандигийн нэрэмжит Үндэсний урлагийн төвийн харьяа Гар бичмэл судруудын үндэсний байгууллага дахин хэвлүүлжээ. Хамба Номун Хан Гэвш Лхаарамба Д.Жавзандорж Энэтхэгийн Засгийн газарт 40 багц Ганжуурыг илгээсэнд талархал илэрхийлсэн бол Элчин сайд ноён Атул Малхари Готсурве “Ганжуур бол Бурхан багшийн зарлигийн орчуулга буюу аман зарлигийн эмхэтгэл юм. Бурхан Буддагийн захисан панчшил буюу энхтайван зэрэгцэн орших зарчим өнөөдөр ч хамааралтай” гэв.
Тэрбээр мөн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Энэтхэг, Монгол бол оюун санааны ахан дүүс гэсэн үгийг иш татжээ. Мөн дайн дажинтай энэ үед Бурхан Буддагийн энхтайваны сургаал маш чухал болохыг онцоллоо.
Ташрамд дурдахад, Энэтхэгийн Элчин сайдын яам болон Гандантэгчэнлин хийдийн хамтран тус хийдэд хадгалж буй нэг сая Буддын шашны судрыг цахим хэлбэрт оруулах төслийг өчигдөр нээсэн байна. Энэ нь Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжийн төсөл бөгөөд буддын шашны эртний судруудыг хадгалж авч үлдэхийн тулд цахим хэлбэрт оруулахад туслах юм.