Монгол Улсын Төрийн гурван удаагийн шагналт, Академич, нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн гэр бүлээс Өндөр гэгээн Занабазарын анхны хийцлэлд хамаарах Лхам Норжүнма бурхныг түүний охин, монголч эрдэмтэн, доктор (Ph.D) Анна Цендина Дамдинова өчигдөр /2025.09.18/ "Чингис хаан" үндэсний музейд хүлээлгэн өгчээ.
Их эрдэмтний хадгалж байсан Монголын түүх, соёлын үнэт өв болсон уг ховор бүтээлийг ийнхүү Чингис хаан Үндэсний музейн үнэт үзмэр болгон хадгалуулж байгаа нь музейн түүхэнд тэмдэглэх чухал үйл явдал хэмээн Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун хэлсэн байна. Энэ үеэр Монголч эрдэмтэн, Доктор (Ph.D) Анна Цендина Дамдинова болон нэрт эрдэмтний отгон шавь ахмад эрдэмтэн Р.Отгонбаатар нар Лхам Норжүнма бурхныг нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнд хэрхэн хадгалж байсан тухай сонирхолтой дурсамж яриаг өрнүүлсэн байна. Энэхүү арга хэмжээнд Академич Д.Төмөртогоо, ШУА-ийн Дэд ерөнхийлөгч асан академич Т.Дорж, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Академич Ц.Цэрэндорж, ШУА-ийн Түүх, угсаатны зүй хүрээлэнгийн захирал, Доктор (Ph.D), дэд профессор Л.Эрдэнэболд, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, Доктор (Ph.D), профессор Г.Эрэгзэн, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Доктор (Ph.D), профессор Б.Пүрэвсүрэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр, МУИС-ийн багш, Доктор (Ph.D), профессор Б.Түвшинтөгс, ахмад эрдэмтэн Р.Отгонбаатар зэрэг зочид байлцлаа.