Д.Алтанцэцэг: С.Ганбаатар гишүүн нь "Газрын тосны үйлдвэр"-ийн талаар удаа дараа худал мэдээлэл өгч ажилтнуудыг доромжилсон, хуулийн байгууллагад хандана

Д.Алтанцэцэг: С.Ганбаатар гишүүн нь "Газрын тосны үйлдвэр"-ийн талаар удаа дараа худал мэдээлэл өгч ажилтнуудыг доромжилсон, хуулийн байгууллагад хандана

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгээс цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 

ВИДЕО: 

-Дорноговь аймагт хэрэгжүүлж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төсөл нь Монгол Улсын стратегийн чухал ач холбогдолтой төслүүдийн нэг.  Мөн монголчуудын хэрэглээг дотоодоосоо хангах зорилготой, амжилттай сайн хэрэгжиж байгаа төсөл. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүн, тодруулбал УИХ-ын гишүүн С.Ганбаатар уг төслийг луйврын шинжтэй гэж мэдэгдсэн. Та тус төслийг хариуцаж байгаа хүний тус мэдээлэлд хариу өгөөч?

- Би бараг нэг жил дуугүй байлаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг, тэр дундаа хамгийн амжилттай хэрэгжиж байгаа, эдийн засагт онц чухал ач холбогдолтой, бид нарын олон жил мөрөөдсөн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг удаа дараа гутаан доромжилж байгаа. Бүр хэлэх хэлэхгүй, муу муухай үгээр ярьдаг. Сүүлийн үед миний зургийг тавьж байгаад луйварчин, хулгайч, Ерөнхийлөгчтэйгөө нийлсэн зэргээр мэдээлэл түгээсэн.  Энэ арай хэтэрнэ биз. УИХ-ын гишүүнээ больё гэхэд хүний наад захын ёс суртахууны минимум түвшингээс бүр доошилсон үйлдэл. Тэр хүн байнгын хороо болон өөр бусад олон хурлын үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн болон манай компанийнхны дэргэд намайг гутаан доромжилж байсан. Бид нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандана. Газрын тос боловсруулах үйлдвэрт гадаад, дотоодын олон мянган инженер техникийн ажиллагсад ажилладаг. Энэ төслийг хоёр орны Засгийн газрын түвшинд хэрэгжүүлж байна. Энэ миний хувийн компанийн төсөл биш. Монгол, Энэтхэг улсын стратегийн түншлэлийн хүрээнд Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлтөөр хэрэгжүүлж буй төсөл. Маш амжилттай явж байгаа. Та бүхэн сүүлийн үед олон нийтийн сүлжээнээс харсан байх. Бид нар үргэлж биш юмаа гэхэд хааяа үйлдвэрийн төслийн бүтээн байгуулалтыг харуулдаг. Нүсэр хүнд, аж үйлдвэрийн салбарын цоо шинэ үйлдвэр барьж байгаа. Манай үйлдвэрт 100 гаруй ажиллагсад дээрээс нь 11 улсын нэлээн олон компанийн инженер ажиллаж байна. Инженерийн зураг төсөл нь 4,5 үе шаттай. Тэрийг дуусахыг хүлээгээд удсан. Гэсэн ч бүтээн байгуулалтын ажил үргэлжлээд явж байна. Газрын тосны үйлдвэрийг дэмжихгүй Монгол хүн байхгүй байх. УИХ-ын гишүүд ч үйлдвэрийн бүтээн байгуулалт дээр очоод бидний ажлыг ойлгож, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Харин С.Ганбаатар гишүүн яагаад жадлан, адлан эсэргүүцдэг юм бол. Сүүлдээ хардах сэтгэл төрөх ч шиг. Хэний төлөө үйлчилж байна. Яагаад монголчууд дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болж болдоггүй юм.

Энэ компанид ажиллаж буй урам зориг нь бадарсан хүүхдүүдийн сэтгэлд юу хийж байгаа юм энэ хүн. Одоо би хууль, шүүхийн байгууллагад хандана. Би энэ ажлын төлөө зүтгэж байгаа хүмүүсийн нэр төрийг хамгаалуулна. Манай компанийнхан ч гэсэн байр сууриа илэрхийлнэ. Одоо доромжлуулж, гүтгүүлж ханалаа.

-Таныг Ерөнхийлөгчтэй найз гэсэн. Та Ерөнхийлөгчтэй найз юм уу?

-Зургаан сарын өмнө “Лхагвын тойм” нэвтрүүлэгт ороход надаас яг энэ асуултыг асуусан. Би Ерөнхийлөгчтэй найз биш л дээ. Анх 2018 онд энэ төслийг Ерөнхийлөгч Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн. Ажлын шугамаар бид 4, 5 уулзаж байсан. Одоо бол уулзаагүй гурван жил болж байна. Ийм найзууд байж болох юм уу, үгүй юм уу. Тэгээд Ерөнхийлөгчтэй нийлээд луйвар хийдэг гэсэн. Би өөрийгөө мөн Ерөнхийлөгчийг тийм хүн гэж хэзээ ч боддоггүй. Тийм. Ерөнхийлөгчийн ашиг сонирхлын зөрчилтэй нэг ширхэг үйл явдал ч болоогүй. Нэг дам таньдаг хүн нь ч манайд ажилладаггүй. Манай компанийнхан бүгд мэднэ.

-Төсөл төлөвлөгөөний дагуу яг явж байгаа юу. Төслийн талаарх мэдээллийг өгөөч?  

- Графикийн дагуу, гэрээнд заасан хугацааны дагуу л явж байгаа шүү дээ. Хоёр улсын төр засгийн шийдвэрээс болж цаг хугацаа алдсан нь бий. Маш олон оролцогчтой гэрээ, эрх зүй ба хөрөнгө санхүү, техник технологийн процесс өрнүүлсэн. Цоо шинэ байгууламжийг цоо шинэ газарт барьж байна. Дээрээс нь манайх чинь аж үйлдвэргүй,  бүх зүйл гаднаас хамааралтай, тээвэр ложистик хумигдмал боловсон хүчин дутмаг гээд олон зүйл нөлөөлдөг.  Монгол Улс маань нефтийн бүтээгдэхүүний хараат бус орон болчихвол бид бүгдэд сайхан биш юм уу. Яагаад тэр хүнд муухай юм. Бас энэ үйлдвэр ингээд таалагдахгүй байна гэдгээ хэлмээр байна. ТЭЗҮ гэж ярьсан. Одоо ТЭЗҮ ярихгүй шүү дээ. ТЭЗҮ бол энэ үйлдвэрийг барих нь Монгол Улсад хэрэгтэй эсэхийг шийдэх хамгийн анхан шатны материал. Түүнээс хойш  хэдэн арван мянган судалгаа, инженерчлэлийн ажлыг хийсэн. Монголоос энэ төсөлтэй холбоотой нэг ч доллар ордоггүй. Энэтхэгийн Экспорт, Импортын банкны зээлээр барьж буй учир  өөрийнхөө техник технологоос эхлээд бүх зүйлийг өөрөөсөө авчирдаг.