УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар хил холболтын гэрээг хянаж, шалгах түр хороо байгуулахаар болсон талаараа өнөөдөр /2025.09.19/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Яаралтай хяналт шалгалтын түр хороо байгуулахаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болон миний бие бүрэн эрхийнэхэ хүрээнд ажиллах гэж байна. Экспортын гол бүтээгдэхүүний нэг болсон Таван толгой нүүрсний ордтой холбоотой гэрээ, хил холболтын асуудлыг судалж, сайжруулах шаардлагатай байгаа тул энэ асуудал дээр хяналт шалгалтын түр хороо байгуулах нь зүйтэй. Маш олон мэдээлэл бүрхэг, ард түмнээс далд байдалтай байна. Иймд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд энэ асуудлыг шалгах хяналт, шалгалтын түр хороо байгуулж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, “Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай бид нарт хандаж асуулт ирүүлсэн байгаа. Энэ асуулгыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нараас асууж өгөөч гэсэн. Энэ асуудал нэлээд их эргэлзээтэй байгаа. Гишүүд баталсан боловч худалдан авах гэрээ нь ямар үнэ, тарифаар хийгдсэн эсэх мэдээлэл байхгүй байна. Хэрэв тэр нь хуудуутай, дутуу, буруу хийгдсэн бол Засгийн газар энэ гэрээгээ дахиад өөрчлөх ёстой. Гэрээг батлах үеэр үнийн талаар би маш олон удаа асуусан. Эрдэнэс тавантолгойн урт хугацааны үнийг жишиг болгоно гэж хэлж байсан боловч яг хэдээр тогтоож байгааг огт хэлээгүй. Харбины хэлэлцээрийг батлах хуралд би оролцоогүй. Тийм учраас нарийн мэдээллүүдийг авна. Худалдах, худалдан авах гэрээг нууцалсан эсэхийг тогтоомоор байна. Миний бие түрүү долоо хоногт Г.Дамдинням болон Б.Дэлгэрсайхан сайд нар луу бичиг явуулсан. Энэ асуудалтай холбоотой бусад баримт бичгүүдийг явуулна уу гэсэн бичиг. Одоогийн байдлаар тодорхой мэдээлэл ирээгүй байна. Үнэн эсэх нь тодорхойгүй явж байгаа олон асуудлуудыг нягтлах ёстой. 36 их наяд буюу манай улсын нэг жилийн төсвөөс их алдагдалд орох асуудал яригдаж байгаа тул ноцтой асуудал. Магадгүй энэ гэрээ нууцлалд орсон бол түр хороо байгуулж албан ёсоор авах хэрэгтэй байх" гэлээ.