Засгийн газрын 77-р тогтоолыг эсэргүүцэх үеэр цагдаагийн алба хаагчийн биед халдсан тэмцэгч гэх Ж.Одонгоо, Д.Отгонтуяа нарыг хууль сахиулагчийг эсэргүүцсэн хэмээн прокуророос ялласан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл тус хэргийн урьдчилан хэлэлцүүлэг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, эрүүгийн хэргийн шүүх хурлыг энэ сарын 25-ны өдөр товлосон байна.
Засгийн газрын 77-р тогтоолыг эсэргүүцсэн жагсаалын үеэр цагдаагийн алба хаагчийн биед халдаж, тусгай хэрэгслийг нь эвдэж сүйтгэсэн гэх үндэслэлээр тэмцэгч гэх Ж.Одонгоо, Д.Отгонтуяа нарыг гурав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар буюу Эрүүгийн хуулийн 23.1-1 дэх хэсэг хууль сахиулагчийг эсэргүүцсэн хэмээн ялласан байдаг юм.
Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл. Хууль сахиулагчийг эсэргүүцэх
1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.