УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Ө.Шижир, Б.Мөнхсоёл, С.Эрдэнэболд, Ж.Золжаргал нарын гишүүд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, "УИХ-ын 76 гишүүн дэмжиж санаачилсан тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ хуулийн гол зорилго бол хүүхэд залуусын дунд үүсээд байгаа асуудал болох тамхины хор хөнөөлийг багасгах, эрүүл мэндийг нь хамгаалах. Энэ утгаараа шинэ тутам гарч байгаа утаат, электрон тамхины төрлийн бүтээгдэхүүнийг бүгдийг нь тамхины хяналтын зохицуулалтад оруулж байгаа. Ингэснээр энэ бүтээгдэхүүнүүдийг дотор орчинд татаж болохгүй, тусгай зөвшөөрөлтэй импортолж оруулж ирэх, 21 нас хүрээгүй хүүхдэд зарж борлуулахыг хориглоно зэрэг хуулийн заалтууд үйлчилж эхэлнэ. Энэ хууль тамхин бүтээгдэхүүнд үйлчилнэ. Гэхдээ тамхины төрлийн бүх бүтээгдэхүүнийг хааж боох гээд байгаагаас илүү эдийн засгийн аргаар эрүүл мэндийг дэмжих концепцыг бид оруулж ирж байгаа юм. Хортой бүтээгдэхүүн үнэтэй байх ёстой, тодорхой албан татварыг тавьдаг байх ёстой" гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, "Гадуур зөвхөн электрон тамхийг л зохицуулах гэж байгаа юм шиг өрөөсгөл мэдээлэл явж байна. Гэтэл үгүй юм. Энэ хууль маань яг энэ чигээрээ батлагдаж чадах юм бол янжуур тамхи, электрон тамхи, электрон тамхины ард байгаа маш олон төрлийн тамхи бүгд тусгай зөвшөөрөлтэй болно гэсэн үг. Тухайн бүтээгдэхүүнүүдийг зарж байгаа дэлгүүрүүдэд тусгай тэмдэглэгээ хийх, хаягжуулах замаар хууль ёсны зарж байгаа дэлгүүрүүдийг чиглүүлж өгнө" гэв.
ШУУД ҮЗЭХ: