Их Британийн Ерөнхий сайд Сэр Кир Стармер Оросын олигарх, Челси хөлбөмбөгийн клубын хуучин эзэмшигч Роман Абрамовичийг Украины дайны хохирогчдод амласан 2.5 тэрбум фунт стерлингийг нэн даруй шилжүүлэхгүй бол шүүхэд өгнө гэж анхааруулжээ.
Учир нь Роман Абрамович 2022 онд Челси хөлбөмбөгийн клубыг худалдсанаас олсон 2.5 тэрбум фунтыг Оросын Украинд халдсаны улмаас хохирсон хүмүүст зориулахаа амласан боловч уг мөнгө одоогоор Их Британийн банкны дансанд царцаагдсан хэвээр байгаа юм. Тэгвэл өчигдөр /2025.12.17/ Их Британийн Ерөнхий сайд Сэр Кир Стармер олон нийтэд хандан үг хэлэхдээ “Р.Абрамовичид хандаж хэлэх миний үг тодорхой. Цаг хугацаа дуусаж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Их Британийн засгийн газар уг хөрөнгийг Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд ашиглах байр суурьтай байгаа бол Р.Абрамович “дайны бүх хохирогчдод” зориулах ёстой гэж үзэж байгаа нь Оросын иргэд ч мөн хамрагдах боломжтой гэсэн утгатай ажээ.
Хэдийгээр Р.Абрамович Их Британийн хориг арга хэмжээнд хамрагдсан тул уг мөнгийг шууд хүрэх боломжгүй ч Челсигийн борлуулалтаас олсон орлого хууль ёсоор түүний өмч хэвээр байгаа юм. Их Британийн Ерөнхий сайд өчигдөр мэдээлэл хийх үеэрээ, "Их Британи 2022 оноос хойш царцаагдсан Челсигийн борлуулалтын 2.5 тэрбум фунтыг шилжүүлэх тусгай лиценз олгосон" гэдгийг онцолжээ. Тэрээр “Өгсөн амлалтаа биелүүлж, мөнгөө одоо шилжүүл. Хэрэв үгүй бол бид шүүхэд хандаж, В.Путины хууль бус дайны улмаас амьдрал нь сүйрсэн хүмүүст зоос бүр хүрэхийг баталгаажуулахад бэлэн байна” гэж анхааруулжээ.
Сонирхуулахад, Газрын тос, байгалийн хийн салбараас хөрөнгөжсөн Оросын тэрбумтан Р.Абрамовичид Оросын арми Украинд халдсаны дараа Челсиг клубээ зарсан бөгөөд тэрээр борлуулалтаас ашиг хүртэхгүй гэдгээ онцолсон гэдэг. Түүнийг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай ойр холбоотой гэж үздэг ч Р.Абрамович үүнийг үгүйсгэсээр ирсэн юм. Өнөөдөр /2025.12.18/ Европын холбооны удирдагчид Украины асар их төсөв, батлан хамгаалахын хэрэгцээг хангахын тулд царцаасан Оросын хөрөнгийг ашиглах боломжийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм.
Эх сурвалж: BBC