Энхийг сахиулагчдын II ээлжийн цуваа ажиллагааны газар орныг зорилоо

Энхийг сахиулагчдын II ээлжийн цуваа ажиллагааны газар орныг зорилоо

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн батальоны хоёрдугаар цуврааны бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зорилоо.

Өмнөд Суданд энхийг сахиулахаар 15 дахь жилдээ намар намрын цагаар мордож буй монгол цэргүүдийг урьдын адилаар аав ээж, ахан дүүс, хань ижил, найз нөхөд, үр хүүхдүүд нь Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн байрлалаас үдэн мордуулж, ерөөлийнхөө үгийг сүүнийхээ дээжтэй хамт өргөж өргөж, Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдлага “Чингис хаан” олон улсын нисэх буудалд онгоц хөөрөн хөөртөл ёсолсоор үлдэв.

Хоёрдугаар цуврааны бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Дугаррагчаа, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч хурандаа Ж.Мөнхбаяр нарын албаныхан үдэн мордуулсан ба бригадын генерал Д.Дугаррагчаа “Ажиллагааны газар оронд даргадаа дэмтэй, цэрэгтээ нөмөртэй, нөхдөдөө тустай яваарай. Дээд удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг ягштал сайхан биелүүл. Дэг журам, сахилга хариуцлагатай бай. Таны үйл хэргээс багийн хамт олны ажил, нэр хүнд шалтгаалж байдгийг бодож, үе үеийн энхийг сахиулагчдын бүтээсэн “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” хэмээх алдар нэрийг өндөрт өргөхийг онцгойлон захья” хэмээгээд хүн бүхэн эрүүл энх байхыг үүрэг болгоё гэв. Мөн тэрээр хилийн чанадад Та бүхэн эх орноороо овоглоно, тэр хэмжээгээр үүрэг хариуцлага өндөр байхыг санаж, гэр бүлийнхнийхээ санаа сэтгэлийг зовоохгүй байхад анхаараарай хэмээгээд алба хаагч бүртээ гар барьж, дараа жил баяртайгаар эргэн уулзахын ерөөл өргөв.

XV ээлжийн батальоны ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөрөөр ахлуулсан энхийг сахиулагчид “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгөөр Өмнөд Суданыг зорин ийнхүү хөөрлөө.