Монголчууд эрт үеэс эхлэн намрын тэргүүн сард унагандаа өөрсдийн удам, угшлыг илтгэх тамгыг дарсаар ирсэн. Тамга бүр нарийн утга учир, бэлгэдэлтэй байна. Унага тамгалах нь монгол малчин хүний хувьд ердийн нэг ажил бус харин удам угсааны баталгаа, өв уламжлалаа үргэлжлүүлэн амьдруулах эрхэм ёслол болдог.
Намрын налгар өдрүүдэд ижил зүстэй адуун сүргийнхээ унагаа шигшин барьж, удам дамжсан халуун тамгаа хүргэх агшин тэр чигтээ ёс заншлын нэгэн хэлхээ юм. Энэ бол зөвхөн унаганы биед тэмдэг тавих явц бус харин эцэг өвгөдийн нэр, удам угсаа, сүргийнхээ сүлдийг шингээн бэхжүүлж буй гүн хүндэтгэлтэй ёслол билээ. Тэгвэл энэхүү заншлын хэлхээг сурвалжлахаар бид Төв аймгийн Өндөрширээт сумын малчин Б.Баасандоржийнхийг зорьсон юм.
ВИДЕО:
СУРВАЛЖИЛГА: Унагаа тамгалж, айргаа сөгнөсөн "Малчны баяр"-ыг сурвалжиллаа
— iSee.mn (@iSee_MN) September 9, 2025
УНШИХ: https://t.co/c2gKoTQu2N pic.twitter.com/0chSsQlwyP
Унага тамгалах баяр намрын тэргүүн сард болно. Үс нь гуужихаас өмнө тамгалбал шинэ үс ургасан ч тамга нь тод илэрч, үс нь гуйжсан хойно тамгалбал балархай болдог гэж үздэг учир намар гүүгээ тавих үетэй зэрэгцүүлэн унагаа тамгалдаг уламжлалтай. Мөн монголчуд малын тамгаа гэрийн баруун талд буюу баруун хойд талаар эсхүл бурхан шүтээний баруун, зүүн талаар нандигнан хурааж хадгална. Учир нь адууны тамга гэдэг бол удам угшлын хэлхээг бэлгэдэх хүндтэй эд юм. Түүнчлэн тамгыг үйлдэхдээ малын буян хишиг арвижих, элдэв хорлол хөнөөлөөс зайлуулж чадах бэлгэ дэмбэрэлтэй дүрс хэлбэрийг чухалчилахаар үл барам өөрийн угсаа үндэстнийхээ дарханаар хийлгэдэг гэнэ.
Монголчууд эртнээс улайссан тамгаа дардаг байсан бол орчин үед цагаан үсэн тамга буюу азотоор хөлдөөсөн тамга дардаг болжээ. Ялгаа нь арай тод гардаг бөгөөд тамга халааж дарахад гуяны дотор талд таталт үүсэх магадлалтай байдаг бол азотон тамга огт тэгдэггүй талаар Төв аймгийн Өндөрширээт сумын малчин Б.Баасандорж бидэнд хуучиллаа.
Харин Төв аймгийн Өндөрширээт сумын малчин С.Чулуунбаатарынх саран дэвсгэртэй өлзий тамгыг унагандаа дардаг бөгөөд энэ тамга нь түүний өвөөгөөс уламжлан ирсэн гэнэ. Угаас адууны тамга тэмдэг нь удмын хэлхээс болж үргэлжлэх бөгөөд аавын тамгыг хүү нь өвлөж авдаг уламжлалтай.
Хоёр жилийн өмнөх хатуу өвлийг арайхийн давсан малчид өнгөрсөн жил цөөн төлтэй байсан бол энэ жил төл малаа бүтэн сайхан авчээ. Иймийн тулд малчин Б.Баасандоржийнх даагаа энэ жил унагануудтайгаа хамт тамгалж байгаа нь энэ аж. Мөн унага тамгалах ёсны дараа унага уралдуулах баяр гэж болдог бөгөөд үүний дараа тамгаа мялаах буюу тамгаа айрганд бялхуулж, хишгийг нь хүртдэг уламжлалтай. Улмаар айраг цэгээгээ ууж, хуруудаж, дэмбээдэх зэрэг тоглоом наадгай тоглосноор унага тамгалах ёслол ерөнхийдөө өндөрлөнө.
Малчин Б.Баасандоржийн хүүхдүүд бүгд сургуульд орсон бөгөөд хүүхдүүдийнхээ амралтын өдрийг тааруулан унагаа тамгалж байгаа нь энэ. Мөн энэ үеэр өвлийн морин уралдааны талаар ч бид хуучлаад амжлаа. Учир нь өвөл морь уралдуулах асуудал сүүлийн хоёр жил олны анхаарлыг татсан сэдэв болоод байна. Тэгвэл малчин Б.Баасандорж угаас өвлийн морин уралдааныг шүтдэггүй бөгөөд өвөл морь уралдах нь хүүхэд болоод моринд халгаатай байдаг гэж үздэг гэнэ. Түүний хувьд зун л морь уядаг бөгөөд энэ жил сумынхаа наадамд уяж сойсон хүлгүүд нь тэгш сайхан хурдалцгаажээ.
Ийнхүү цугласан олон түмэн хуруудах нь хуруудаж, дэмбээдэх нь дэмбээдэж, дуулан цэнгэж аваад малчин Б.Баасандоржин унага тамгалах найр нар хэлбийхтэй зэргэцэн өндөрлөнө. Эгэл нэгэн малчны энгийн нэг өдөр мэт боловч энэ өдөр бол оюун санаа, удам угсаа, өв соёлын үнэт өв болохыг мартах учиргүй. Галын дөлөнд халсан тамга унаганы арьсанд төдийгүй, зүрх сэтгэлд нь мөнхөрч, хүн байхын, эзэн байхын ухааныг өгүүлж байдаг. Энэ заншилд өвгөдийн сургаал, эх газрын сүр хүч, эзэн сэтгэлийн үнэ цэн шингэсэн учраас л өнөөдөр ч гэсэн энэ ёслолын өдөр жирийн малчид, түүний үр хүүхэд хүртэл баясан цэнгэж байдаг биз ээ.