Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхэд багачууд, сурагчид маань нийтийн тээвэрт эд зүйлээ мартаж буух тохиолдол ихэсдэг. Тэгвэл нийтийн тээвэрт нэвтэрсэн шинэ системийн тусламжтайгаар автобусанд эд зүйлээ мартаж буусан нэгдүгээр ангийн сурагчид эд зүйлийг олж өгсөн аювтобусны жолоочтой ярилцлаа.
ВИДЕО:
Нэгдүгээр ангийн хүүхэд эд зүйлээ автобусанд артаж буусан уг үйл явдал есдүгээр сарын 1-ний өдөр болжээ. Уг үйл явдлын талаар бид “Зорчигч тээвэр 3” ОНӨААТҮГ-т дөрөв дэх жилдээ ажиллаж буй автобусны жолооч Л.Энхсайханаас тодрууллаа. Тэрбээр, “Есдүгээр сарын 1-ний өдөр “Нисэх-Хүнсний 4-р дэлгүүр” гэсэн чиглэлд явж байсан. Тухайн өдөр Нийтийн тээврийн бодлогын газраас над руу залгаад “хүүхэд цүнхээ мартаж буусан байна” гэсэн. Тэгээд тэр дор нь автобусаа зогсоогоод шалгаад үзэхэд хойд суудал дээр цүнх нь байсан л даа. Түүнийг нь авч кабин дотроо хийж явж байгаад орой нь өгсөн. Олж өгсний дараа “Баярлалаа” гээд надад нэг савтай айраг өгсөн. Эхлээд эгч нь гээд хүн нэлээд сандарсан ярьсан юм. Тэгээд би “олчихсон. Далд хийгээд явж байна” гэсэн чинь “ёстой их баярлалаа. Манай нийтийн тээвэр ёстой гоё болчихсон юм байна. Нийтийн тээврийн бодлогын газраас таны дугаарыг олж аваад холбогдлоо. Ёстой их баярлалаа” гэж байсан. Юмаа мартаж буусан хүүхэд нь нэгдүгээр ангийн болтой л хүүхэд байсан. Дараа нь ээж нь залгаад “Ёстой их баярлалаа” гээд хэлсэн” гэсэн юм.
Эд зүйлээ алдсан нэгдүгээр ангийн сурагч нийтийн тээвэрт нэвтэрсэн шинэ системийн тусламжтайгаар эд зүйлээ олж авсан байна. Тодруулбал, нийтийн тээвэрт суусан бол картын дугаараар нь хаанаас хэдэн цагт, аль чиглэлийн, ямар жолоочтой автобусанд суугаад хаана буусан зэрэг мэдээлэл нь харагддаг болжээ.
Ингэснээр иргэд эд зүйлээ алдсан бол автобусны жолоочтойгоо тэр дор нь холбогдох боломжтой болсон байна. Энэ талаар автобусны жолооч Л.Энхсайхан, “Автобус битүү камертай болсон. Бас биднийг ч камераар хянадаг. Хүмүүс автобусанд юмаа мартаж буусан тохиолдолд асуудалгүй олдоно гэсэн үг. Хүмүүс юмаа автобусанд мартаж буусан бол хамгийн эхэнд Нийтийн тээврийн бодлогын газарт хандах ёстой. Автобусны картын дугаараар нь аль чиглэлийн автобусанд хэдэн цагт, хаанаас суугаад, хаана буусныг нь мэдэх боломжтой болсон. Тийм учраас автобусны картын дугаараа хэлээд л манай бааз руу холбогдчихно. Тэгээд бүх мэдээлэл нь гараад ирчих учраас Нийтийн тээврийн бодлогын газраас бааз руу нь холбогдоод автоусны жолоочтой холбож өгдөг” гэлээ.
Түүнчлэн хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ үед бага ангийн сурагчид ч гэлтгүй нийт иргэд автобусанд эд зүйлээ мартаж буух тохиолдол ихэсдэг. Энэ талаар тодруулахад, “Юмаа мартаж буух тохиолдол зөндөө л гардаг. Зарим нь тоодоггүй юм. Нөгөөхийг нь бид аваад ээлжийн инженертэй хүлээлгээд л өгдөг. Зарим нь бүр дараа нь авдаг юм билээ. Нэг үеэ бодоход автобусанд эд зүйл алга болох нь харьцангуй бага болсон. Одоо бүрэн камертай болсон учраас нь хүмүүсийн мартсан эд зүйлүүд ер нь байж л байдаг. Хүүхдүүд л унтчихаад гэнэт яарч сандарч сэрээд гардаг ч юм уу автобусанд юмаа мартаж буух тохиолдол их байдаг” гэсэн юм.