ХӨШИГНИЙ АРД: МАН "муу нэртэй" сайд нар болон ХҮН, ИЗНН-ыг Засгийн газраас гаргаж оронд нь Ардчилсан нам, Н.Номтойбаяртай ажиллахаар ярьж эхэлжээ

ХӨШИГНИЙ АРД: МАН "муу нэртэй" сайд нар болон ХҮН, ИЗНН-ыг Засгийн газраас гаргаж оронд нь Ардчилсан нам, Н.Номтойбаяртай ажиллахаар ярьж эхэлжээ

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн мэтгэлцээний үеэр  О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нарын аль аль нь Засгийн газарт хамтрах асуудлаар "үг" цухуйлгасан.

-Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД АЛБАН ТУШААЛД ТОМИЛСОН АН-ЫНХНЫГ ОДОО Ч АЖИЛЛУУЛСАН ХЭВЭЭР БАЙНА-

Бүр, тус намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл "Хувь хүний хувьд Засгийн газарт хамтрахыг дэмжихгүй. Гэхдээ нам бол том институт. Хамтын  шийдвэр гаргадаг олон нийтийн байгууллага. Олонх нь шийдвэр гаргавал дарга ч бай, хэн ч бай дагах ёстой" гэж мэдэгдсэн. 

Тэгвэл ирэх сард МАН даргынхаа асуудлыг шийдсэний дараа Ардчилсан намыг Засгийн газарт урих нь бодитой гэдгийг улс төрийн хүрээнд  ярьж байна.

Энэ нь О.Цогтгэрэл, Б.Пүрэвдоржийн байр сууриас гадна хэд, хэдэн үйл явдлаар ч нотлогдож байгаа. Ганц жишээ хэлэхэд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамтрахад төрийн өмчит компаниудад томилсон Ардчилсан намынхныг албан тушаалаас нь чөлөөлөлгүй ажлыг нь одоо ч хийлгэж буй бөгөөд тэднийг байлгаж буй шалтгаан нь намар Ардчилсан намтай Засгийн газарт хамтрахтай холбоотой. Ардчилсан нам бол УИХ-д 42 суудалтай том сөрөг хүчин. Энэ их хүчийг сөрж ажиллахад Г.Занданшатарын Засгийн газарт хэцүү. Удаан ажиллах ч боломжгүй, тэгэхээр хамтралаас өөр сонголтгүй юм. Ингэхдээ хэний оронд Ардчилсан намыг оруулах вэ гэдэг анхаарал татна. 

-Б.ДЭЛГЭРСАЙХАН, Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Б.ЖАВХЛАН НАРЫГ ЯВУУЛЖ ОРОНД НЬ АН-ЫГ ОРУУЛЖ ИРЭХ ТОХИРОО ХИЙГДЭЖ БАЙНА-

Өнгөрсөн өдрүүдэд ИЗНН-ыг илтэд Засгийн газраас шахаж байгаа. Тэдэнд томилгоо хийх эрхийг нь өгөхгүй байгаа учир Засгийн газарт хамтарсан асуудлаар дүгнэлт гаргахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тэгвэл тэднийг Засгийн газраас гаргадгаараа гаргаж Н.Номтойбаярыг оруулах хувилбар яригдаж байна. Гэхдээ Н.Номтойбаярын хувьд БОУАӨ-ийн яамыг бус өөр чиглэлд ажиллана. Цаашлаад ХҮН намын Т.Доржханд, П.Наранбаярыг Засгаас гаргаж магадгүй аж. Хэрвээ энэ тохиолдолд Н.Номтойбаяр Т.Доржхандын оронд очих болов уу.

Харин Ардчилсан намын сайд нарыг "муу нэртэй" сайд нар буюу Б.Жавхлан, Т.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн нарын оронд мөн ХҮН намын нэг орон тоон дээр оруулах мэдээлэл байна. Б.Жавхлан сайдын хувьд тасралтгүй 5 жил Сангийн сайдаар ажиллаж байна. Харин Т.Дэлгэрсайхан,  Б.Чойжилсүрэн нар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас эхлээд Г.Занданшатарын Засгийн газар хүртэл сайдаар шилжин ажиллаж байгаа. 

Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд ганцхан жил ажиллаад болино гэх тохироотойгоор Г.Занданшатарын Засгийн газарт ажилласан. Харин Б.Дэлгэрсайхан Хятадтай хамтарч хэрэгжүүлэх төслүүдээ шийдэж авчхаад явна гэсэн тохироотой гэх. Б.Чойжилсүрэн сайдын хувьд ч эрх ашиг шингэсэн  төслүүдээ төрд шахаж аваад явъя гэсэн байна. Эдгээр сайд нарын орон тоонд МАН шилжүүлэг хийх, өөрчлөх зохион байгуулалтыг хийх нь. МАН-ын Бага хурлыг  есдүгээр сарын 15-20-ны өдөр хийнэ гэх албан бус мэдээлэл байна. Энэ хурлаар одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар намын даргаа авахаар ажиллана. Төлөвлөгөөний дагуу ч болох бөгөөд үүний дараа Засгийн газарт "салхи" оруулах үйл явдал эхлэх нь.