Эх орныхоо хөрсөнд гүзээлзгэнэ, улаан лооль тариалж буй үйлдвэр эрхлэгчдийг бид энэ удаа онцлон сурвалжиллаа. “Everyday farm” компанийн хамт олны хувьд Япон сортын гүзээлзгэнэ, улаан лоолийг эх орныхоо хөрсөнд тариалж, ургацаа хураан аваад эхэлжээ. Япон сортын жимс нь маш их чихэрлэг байдаг тул монгол хүний амтлах мэдрэмжид тааруулахын тулд бага зэргийн исгэлэн болгохыг зорьж тариалсан нь маш амжилттай болж иргэд ч ам сайтай байгаа гэнэ. Энэ талаар бид “Everyday farm” компанийн Ерөнхий агрономич Д.Гэрэлмаатай ярилцлаа.
ВИДЕО:
-Танайх гүзээлзгэнэ, улаан лоолийнхоо сортыг хаанаас оруулж ирсэн бэ. Бас хэдэн оноос хойш тариалж байна вэ?
-Гүзээлзгэнийг манайх 2014 оноос эхлээд тариалж эхэлсэн. Манайх Японоос сортоо авч ирдэг. Амт чанарын хувьд их гоё, эрүүл мэндийн ач тусаараа бусад энгийн сортоос хоёр дахин давуу байдаг гэж шинжилгээгээр тогтоогдсон байдаг юм билээ.
-Хэд хоноод хураалтаа хийдэг юм бэ?
-Манай тариалж байгаа гүзээлзгэнийн тухайд өнөөдөр хураалтаа хийгээд хоёр хоногийн дараа эргээд ороод ирэхэд л дахин ургаад болц нь гүйцчихсэн байдаг. Гүзээлзгэнийнхээ үрсэлгээг бид өвөл арчилж унтуулаад хавар эргээд энэ үндэс дээрээ тариалалтаа хийдэг. Сортынхоо онцлогоос шалтгаалаад маш олон удаа ургац өгдөг л даа. Зарим сорт нь жилд хоёр удаа ч юм уу жимсээ өгдөг бол манай тариалдаг сорт зуны туршид ар араасаа цэцэглээд л байдаг. Тэгээд цэцэг болгон нь жимс болно гэсэн үг.
-Тэгэхээр хоёр хоноод л шинэ гүзээлгэнэ ургаад байх нь ээ дээ?
-Тийм. Манайх олон хүлэмжтэй болохоор өдөр болгон хураалттай байдаг.
-Хураалтаа хэрхэн хийдэг вэ. Бас өдөрт хэчнээн хэмжээний гүзээлзгэнэ хураан авдаг бол?
-Ирэх жил манайх гүзээлгэнийнхээ тариалалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Үржүүлгийн хоёр хүлэмж, ургац авч байгаа гурван хүлэмж бий. Гурван хүлэмжнийхээ нэг хүлэмжээс өдөрт 20 кг жимс хураан авдаг.
Бас манайх хортон шавьжны хор, янз бүрийн зүйл огт хэрэглэдэггүй. Яагаад гэвэл энэ жимснүүд маань энэ хэвээрээ шууд хүний аманд орох учраас аль болох эрүүл ахуй талаасаа өндөр шаардлага тавьж ажилладаг.
-Жимсээ хурдан ургуулах бордоо, бодис ашигладаг уу?
-Бусад оронд 60-70 хувийн болцтой жимснүүд зах зээлд нийлүүлдэг. Манай хэрэглэгчид бол бүрэн болчихсон жимс л авах сонирхолтой байдаг. Тийм болохоор жимсээ ишин дээр нь бүрэн болгоод худалдаанд гаргах юм бол илүү гоё амт сууж өгдөг. Бас нэг манай баримталдаг зарчим бол хэчнээн ургацын төлөө ч гэсэн химийн бодис хэрэглэхгүй байхыг хичээдэг.
-Улаан лоолийг айл өрхүүд хашаандаа тариалбал хэр хурдан ургаж, ургацаа сайн өгдөг вэ?
-Улаан лоолийг айл бүр тариалж болно шүү дээ. Маш олон сорт байдаг. Социализмын үеэс эхлээд л хашаандаа улаан лоолио тариалаад иддэг байсан шүү дээ. Түүн шиг хашаанд тариалдаг улаан лоолийн сорт гэж тусдаа бий. Тэр сортоо маш зөв сонгоод тариалах юм бол заавал хүлэмж гэхгүйгээр хашаандаа улаан лоолио тариалж болно. Манай сортын хувьд 50 хоногт болц нү гүйцдэг.
-Япон сортын онцлог нь юу байдаг юм бэ?
-Манай жимснүүдийн сортын онцлог амт чанар огт өөр. Үндсэндээ энэ хоёр бүтээгдэхүүнээ голчлон тариалж чанартай, амттай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүргэхийг л зорьж байгаа. Манай энэ сортын хувьд ургац бас их арвинтай.
Манай улс тариалан хийх хугацаа богино учраас хамгийн гол нь богино хугацаанд ургац арвин өгдөг сорт л их чухал болоод байгаа шүү дээ.
Хүүхдүүд их дуртай идэж байна гэсэн. Улаан лооль маань яг жимс шиг учраас хүүхдүүд ар араас нь залгуулаад л идээд байдаг юм. Бас энэхүү япон сорт нь их чихэрлэг амттай байдаг болохоор бид монголчуудын амтлах мэдрэмжид тааруулан бага зэргийн исгэлэн час хийсэн амттай болгож ургуулж байгаа.
-Улаан лоолийн шим тэжээл, ашиг тус нь юу байдаг юм бол?
-Улаан лооль цус төлжүүлдэг гэдгийг хүн бүр мэдэх байх. Мөн арьсанд шим тэжээл өгдөг. Түүнчлэн манай тариалж байгаа жимсүхэ гэдэг сортын хувьд хорт хавдрын эсийг дарангуйлах чадвараараа бусад сортоос хоёр дахин их гэж үздэг юм билээ.
-Тариаланч хүний хамгийн жаргалтай үе ер нь ургацаа хураан авч байгаа энэ үед байдаг байлгүй. Тийм үү?
-Тийм. Ер нь тариаланч нар хавар тариалалтаа хийгээд л тарьсан үр нь сайхан соёолоод жигдрээд ирэхэд сэтгэл ханамжтай болж эхэлдэг. Тэгээд хамгийн сүүлд ургацаа аваад эхлэхээр түүн шиг жаргалтай үе гэж хаана байх вэ. Энэ хэдэн жимстэйгээ би чинь хүүхэд шигээ л ярилцана шүү дээ. Яаж байна, гоё байна шүү та нар минь гээд л явж байдаг шүү дээ.
-Жимсээ хаана худалдаалж байна вэ?
-Өглөө эрт босож хураагаад, ургацынхаа гүзээлгэнэ, улаан лоолийг үүдэндээ тавиад зардаг. Тэр нь өдөртөө дуусчихдаг. Тийм болохоор хадгалалт шаардлага байдаггүй.
Гүзээлзгэнийг гурван өдөр, улаан лоолийг долоон хоног л хадгалж болох жимс шүү дээ. Гэхдээ манайд тэгж хадгалаад байх шаардлага байдаггүй. Өдөртөө дуусчихдаг.
-Авсан хүмүүс ихэвчлэн ямар сэтгэгдэл хэлж байна?
-Авсан хүмүүс бүр маш их сэтгэл өндөр байгаа. “Та нарт ёстой баяр хүргэе. Ямар гоё юм бэ. Ийм амттай гүзээлзгэнэ анх удаа идэж үзлээ” гэсэн сэтгэгдлүүдийг их хэлдэг.
-Танайхаас жирийн айл өрхүүд үрсэлгээ аваад хашаандаа ч юм уу тариалж болох уу?
-Болно. Манайх хавар үрсэлгээгээ худалдаалдаг. Бас мэдэхгүй чадахгүй зүйл байвал утсаар холбогдоод л зөвлөгөө авдаг юм. Бид бол нийслэлчүүдийн гүзээлзгэнэ, улаан лоолийн хэрэгцээний 10 хувийг ч хангаж чадахгүй байгаа шүү дээ. Тийм болохоор ганцхан манай компани гүзээлзгэнэ тариалаад их амжилт олохгүй учраас цаашдаа хамтарч ажиллаад эхний ээлжинд ядаж нийслэлчүүдийнхээ 20-30 хувийг хангадаг болох юм сан гэсэн хүсэлтэй байгаа.