С.Бямбацогт: 33 компанийн хувьцааг биржээр арилжих, өөрчлөн байгуулах асуудлыг судалж байна

С.Бямбацогт: 33 компанийн хувьцааг биржээр арилжих, өөрчлөн байгуулах асуудлыг судалж байна

Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт " 2026-2028 онд Монгол Улсын төрийн өмчит компаниуд хуулийн этгээдүүдийн хувьцааг биржээр нээлттэй, ил тод арилжаалах, дуудлага худалдаагаар худалдах, бүтцийн өөрчлөлт хийх, татан буулгах ажлыг хэрхэн яаж хэрэгжүүлэх талаарх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эдийн засгийн эрх чөлөөг иргэдэд, хувийн хэвшилд олгох боломжийг бий болгох чиглэлд анхаарч байна. Иргэд, аж ахуй нэгжийн хийж чаддаг зүйлд анхаарахаа больж, хийж чадахгүй зүйл төрийн бодлогоор анхаарч өгөхөөр ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 100 гаруй төрийн өмчит компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийг ангилбал үндэсний аюулгүй байдал, стратегийн чухал ач холбогдолтой салбарт үйл ажиллагаа  явуулж байгаа төрийн өмчид зайлшгүй байх компаниуд байна. Компанийн үйл ажиллагааг хэрхэн ил тод, нээлттэй болгох вэ, үр ашгийг нь яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт чиглэсэн бодлогууд явуулна. Төр оролцохгүй байх, хувийн хэвшил аваад явж чадах компаниудыг хувьчилъя.  Хувьчилна гэдэг үгийг худалдана, хуйвалдана гэсэн утгаар буруу ойлгодог. Үүнийг олон нийтэд ил тод, нээлттэй, хувьцааг нь бирж дээр зарна гэсэн үг. Мөн хоёр дахь хэлбэр нь дуудлага худалдаагаар худалдана. Ийм зарчмыг барьж хэрэгжүүлнэ. Мөн зайлшгүй төр оролцох ёстой компаниуд байна. Тухайлбал, зам засвар арчлалтын компаниуд байна. Энэ ажлыг хувийн хэвшил хийх боломж, сонирхол байхгүй учраас төр зайлшгүй ажиллах ёстой. Тиймээс төр нийгмийн ач холбогдол өндөртэй компаниудынхаа ачааг үүрэхээр болсон. Үндсэн чиглэлийн төсөлд агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай, даатгал болон худалдааны зарим чиглэлийн төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгон худалдаж нээлттэй хувьцаат компани болгох, төрийн өмчит найман компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, төрийн өмчит долоон компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгажээ. Мөн цаашид нэмж төрийн өмчит зургаан компанийн хувьцааны тодорхой хувийг олон нийтэд санал болгох, төрийн өмчит таван компанийн хувьцааг бүхэлд нь худалдахаар төлөвлөсөн байна.

Хувьчлалыг үр дүнтэй зохион байгуулах үүднээс эхний ээлжид дараах 33 компанийн нэмэлт хувьцааг гаргаж хөрөнгө оруулалт татах, нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор хувьцааг нь биржээр арилжих, өөрчлөн байгуулах асуудлыг судалж, хувьчлалын арга хэлбэр, баримтлах зарчмыг тогтоох үндсэн чиглэлийг шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Үүнд:
 Нэмэлт хувьцаа гаргаж хөрөнгө оруулалт татах, нээлттэй хувьцаат компани болгох, хувьцааг нь биржээр нээлттэй арилжих: 


1.    “Монголын цахилгаан холбоо” ХК;

2.    “Хөдөө аж ахуйн бирж” ХХК;


3.    “Үндэсний давхар даатгал” ХК;

4.    “Монголын хөрөнгийн бирж” ХК;

5.    “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК;

6.    “МИАТ” ТӨХК;

7.    “Төрийн банк” ХК.

8.    “Эрдэнэс Тавантолгой” ХК;

9.    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;

10. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ

11. “Дулааны III цахилгаан станц” ХК;

12. “Дулааны IV цахилгаан станц” ХК;

13. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК;

14. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;

15. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК;

16. “Амгалан дулааны станц” ТӨХК;

17. “Шивээ овоо” ХК;

18. “Багануур” ХК

Төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, биржээр арилжих:

1.    “Дулаан шарын гол” ТӨХК;

2.    “Цемент шохой” ТӨХК

3.    “Монгол шуудан” ХК

4.    "Багануур дулааны станц” ТӨХК;

5.    "Налайхын дулаан станц” ТӨХК;

6.    “Хөвсгөл дулааны станц” ТӨХК;

7.    “Ховд дулааны станц” ТӨХК;

8.    “Улаангомын дулааны II станц” ТӨХК;

Төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх:

1.    “Эрдэнэс монгол” ХХК;

2.    “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК

3.    “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК;

4.    “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ

5.    “Автоимпекс” ХК

6.    “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" ХХК;

7.    “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК"гэлээ.