Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилж зохион байгуулахыг даалгалаа

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилж зохион байгуулахыг даалгалаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 21 аймгийн Засаг дарга, Онцгой комисс болон хөдөө аж ахуйн салбарын бусад албаныхантай цахимаар хуралдлаа.

Хуралдаанаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа баруун 5 аймаг, төвийн бүсийн зарим аймаг болон хадлангийн бүс болох зүүн гурван аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонсож, тодорхой үүрэг чиглэл өглөө. Баруун бүсийн нийт нутаг дэвсгэрийн 70-80 хувь нь гантай байгаа бөгөөд энэ жил 14.8 сая тоо толгой мал өвөлжих тооцоо гарсан. Баруун аймгууд өвс тэжээл импортоор худалдаж авах, хадлан тэжээл бэлтгэх тал дээр анхаарч, шаардлагатай зохицуулалт хийж байгааг мэдээлсэн юм. Энэ жил улсын хэмжэээнд 62.4 сая тоо толгой мал өвөлжих бол отрын 9 бүсэд 653 мянган мал өвөлжих тооцоо судалгааг ХХААХҮЯ-аас гаргасан бөгөөд 2025-2026 оны өвөл, хавар хүндрэх эрсдэлтэй учраас малчдыг малаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг анхааруулж байна.

Урьдчилсан байдлаар 10 сая гаруй тоо толгой мал зах зээлд борлуулж, дотоодын хэрэгцээг хангахаас гадна экспортлох зохицуулалтыг хийж байгааг ХХААХҮ-ийн сайд мэдээллээ. УОК-ын зүгээс мэргэжлийн байгууллагуудтай хамтран ган зудын эрсдэлийн үнэлгээг гарган зургаадугаар сараас эхлэн 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг анхааруулж, есдүгээр сарын 15 гэхэд өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлаа хангаж ажиллахыг аймаг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгосон. Тиймээс өнөөдөр өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймгуудын мэдээллийг сонсож, цаашид бүс, орон нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дараах үүрэг чиглэлийг өглөө.

  • УОК, ХХААХҮЯ, аймаг, сум, багийн гээд бүх мэдээллээ нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалттай ажиллах, малчид ард иргэдэд ган, зудын эрсдэлийн үнэлгээ, цаг агаарын мэдээллийг тогтмол өгч, өвөлдөө сайтар бэлдэхийг анхааруулах;
  • Аймаг орон нутгууд, ОБЕГ, Хил гаалийн байгууллага гэх мэт холбогдох бүх шатны байгууллагатай хамтран импортын өвс тэжээлийг хил гаалиар оруулж ирэх зохицуулалтыг хийх, малчид, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй байх;
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж, шаардлагатай нөөц, бололцоогоо сайтар тооцоолох;
  • Өвс, тэжээлийн үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхээс сэргийлж, шаардлагатай зохион байгуулалтыг хийх;
  • Цаг хүндрэх эрсдэлтэй бүс, аймаг, сумдын малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дотоодын хэрэгцээг хангах, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах; 
  • Отор нүүдлийн малын тоог цахим бүртгэлийн системд оруулан хяналт тавих, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, отор нүүдэлтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг даалгалаа.