СУРВАЛЖИЛГА: Энэ сарын 8-нд ашиглалтад орно гэсэн 44 тэрбумын өртөгтэй Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил нь ч дуусаагүй байна

СУРВАЛЖИЛГА: Энэ сарын 8-нд ашиглалтад орно гэсэн 44 тэрбумын өртөгтэй Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил нь ч дуусаагүй байна

Нийслэлийн өмчийн 3-р байр буюу Урт цагаан худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх шийдвэр гарч, 2024 оны нэгдүгээр сард нураан далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн. Уг байршилд зөвхөн цэцэрлэгт хүрээлэн хийхээс гадна B1 давхартайгаа нийлээд нийт дөрвөн давхар жуулчдад зориулсан үйлчилгээний барилгыг барьж байгаа юм.

Үүнд нийт 44 тэрбум төгрөгийг зарцуулж буй бөгөөд цэцэрлэгт хүрээлэнг долдугаар сарын 8-нд хүлээлгэн өгөхөөр “зар тараасан” ч нээлтээ ч хийсэнгүй. Уг ажлын явц ямар байгаа талаар сурвалжлахад бүтээн байгуулалтын ажил нь ч дуусаагүй байна.

ВИДЕО:

-ДОЛДУГААР САРЫН 8-НД НЭЭХЭЭР ЗАР ТАРААСАН “УРТ ЦАГААНЫ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ НЬ Ч ДУУСААГҮЙ БАЙНА-

Уг бүтээн байгуулалтын зураг төслийн ажлын тендерийг 2024 оны гуравдугаар сард зарлаж, гүйцэтгэгчээр "Бодь пропертийз" ХХК шалгаран өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд гэрээ байгуулсан. Уг компани нь "Бодь групп"-ийн охин компани бөгөөд "Голомт"ын гэх тодотголтой Д.Баясгалангийн эзэмшлийнх. Хотын дарга Х.Нямбаатарын хэрэгжүүлж буй 44 тэрбум төгрөгийн өртөг бүхий урт цагааны бүтээн байгуулалтад 196 автомашины зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Уг авто зогсоол энэ оны долдугаар сарын 1-нд ашиглалтанд орох бол цэцэрлэгт хүрээлэнг долдугаар сарын 8-нд нээхээр мэдэгдээд байсан юм. Гэвч нээсэнгүй.

Биднийг уг бүтээн байгуулалт өрнөж буй байршилд очиход цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт өрнөж байсан бөгөөд ашиглалтад орох болоогүй нь харагдаж байна.

Бид цэцэрлэгт хүрээлэн яагаад хугацаандаа ашиглалтад ороогүй талаар нийслэлээс тодруулахад, “Гүйцэтгэгч компани барилгын ажлаа хараахан дуусгаагүй байгаа тул бүрэн дуусгаад ашиглалтад оруулахаар болсон. Ирэх сард багтаад ашиглалтад оруулна” гэх мэдээллийг өглөө. Өмнө дурдсанчлан урт цагааны бүтээн байгуулалтын ажлыг Голомтын Д.Баясгалангийн “Бодь пропертийз” компани хэрэгжүүлж буй. Мөн энэ ажилд иргэд шүүмжлэлтэй хандаж байгааг тодруулбал төсөвт өртөг нь 44 тэрбум байхад хангалтгүй бүтээн байгуулалт хийлээ хэмээн шүүмжилж байгаа юм.

-ДЭЛХИЙН АЛДАРТАЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГҮҮДТЭЙ ИЖИЛ ТӨСВӨӨР ХИЙЖ БАЙГАА Ч БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НЬ ХАНГАЛТГҮЙ САНАГДАЖ, ИРГЭДИЙН ШҮҮМЖЛЭЛИЙГ ДАГУУЛЖ БАЙНА-

Энд нэгэн жишээг дурдвал Унгарын нийслэл Будапешт хотын "City Park"-д томоохон шинэчлэл хийхдээ 11 сая евро буюу 42 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ төсвөөр 10,000 м² шинэ ногоон талбай шинээр байгуулж, 40,000 м² хуучин талбайг шинэчилж, 72 000 м² талбайг ногоон болгож дахин тохижуулсан аж. Мөн 500 орчим мод, 70,000 бут, 130 шилдэг мод, 200,000 гаруй олон наст ургамал тарьсан байна.

Гэвч Будапештийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинэчлэлийн талбайн хэмжээ 15 га буюу манай урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгээс 11.5 дахин том талбайг хамарсан байна.

Тэгвэл урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн бүтээн байгуулалтад 44 тэрбум төгрөг төсөвлөж, 400 гаруй бутлаг мод, цэцэг, дөрвөн улирлын зүлэг, өвөл зуны улиралд гулгадаггүй зам хийсэн бөгөөд цэцэрлэгт хүрээлэнгийн талбай 1.3 га газар. Гэтэл дэлхийд алдартай цэцэрлэгт хүрээлэнгүүд буюу 15,6 га газрыг хамарсан бүтээн байгуулалттай ижил төсөвтэй байгаа нь олны шүүмжлэлийг дагуулж байна.