Төрийн албаны зөвлөл УБЕГ-ын дарга асан, УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандоржийг шүүхэд өгчээ

Төрийн албаны зөвлөл УБЕГ-ын дарга асан, УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандоржийг шүүхэд өгчээ

Төрийн албаны зөвлөл Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан, УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандоржийг шүүхэд өгчээ.

Тодруулбал, Б.Баасандорж нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Б/162 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч хүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан аж. Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 0778 дугаар шийдвэрээр тушаалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөж хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байна. Улмаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн аж.

Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Б.Баасандоржийн хууль бус шийдвэрийн улмаас төрд 22.9 сая төгрөгийн хохирол учирсан хэмээн үзэж, тус мөнгийг түүнээс гаргуулахаар Төрийн албаны зөвлөлд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Улмаар анхан шатны шүүх хариуцагч Б.Баасандоржоос 8.8 сая төгрөг гаргуулж, төрд учирсан хохирлыг төрүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандоржийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалыг хашиж байхдаа хууль бус шийдвэр гаргасны дагуу төрд учирсан 22.9 сая төгрөгийг төлүүлэх ёсгүй хэмээн үзжээ. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ёстой хэмээн үзэж, давж заалдах шатны гомдлыг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байгаа аж. Уг гомдлыг Улсын дээд шүүх энэ сарын 20-ны өдөр хэлэлцэхээр товлосон байна. Бид уг шүүх хурлын шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно. 

Ташрамд өгүүлэхэд, Төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх чиг үүргийнхээ хүрээнд төрийг төлөөлж, төрд учруулан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд гомдол гаргадаг юм.