"Хар сарнай" хамтлаг "Харанга" хамтлагт эмгэнэл илэрхийлж, 35 жилийн ойн тоглолтоо цуцалсан байна.
Энэ тухай "Хар сарнай" хамтлагийн С.Амармандах "Агуу урлагийн алтан тайзнаа тодоос тод гэрэлтэж, хөгжим, хөг эгшгийн дээдээр монгол түмнийг уярааж, ухааруулж, омогшуулж, бахархуулж ирсэн “Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Энхманлай эрхэм ах минь таалал төгсөж, бидэнд үгээр хэлж дийлэмгүй их уй гашуу тохиолоо. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн И.Болоож, "Madness" хамтлагийн дуучин Ч.Оюунсайхан, “Icetop" хамтлагийн ахлагч IceCool Б.Оргил-Эрдэнэ нарын олон хайрт ахан, дүүс минь энэ богино хугацаанд та биднийг үүрд орхин одлоо.
Монголын урлагт тохиосон энэ харамсалт уй гашууг хуваалцаж, тэднийхээ гэр бүл, төрөл төрөгсдийг хүндэтгэн, мэхийн ёслох үүднээс “Хар сарнай” хамтлаг 2025.05.24-нд тоглогдох байсан тоглолтоо албан ёсоор цуцалж буйгаа үүгээр мэдэгдэж байна. Энэ сайхан уран бүтээлчдээ, аялгуу дууг нь сонсож, оюун сэтгэлээ мялааж ирсэн эрхэм хүмүүсийнхээ алдаа оноог шүүж, шүүмжлэхээсээ өмнө аливаа асуудлыг ухан нягталж, ухааран дэнсэлсний дараа нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж байхыг чин сэтгэлээсээ хүсье. Ард түмэн минь, сонсогч түмэн минь амьддаа бие биенээ хайрлаж явъя. Хүндэтгэсэн “Хар сарнай” С.С.Амармандах" гэжээ.