Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн хүрээнд “Цагаан бургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд болсон.
ВИДЕО:
Энэ талаар Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун: Монгол Улсын говийн бүсийн усан хангамжийг нэмэгдүүлэх “Хөх морь” гээд гадаргын усыг ашиглах томоохон төсөл байгаа. Үүний салбар төсөл болох “Орхон Онги”, “Хэрлэн Туул” төслүүд манай говийн бүс рүү хэрэгжихээр ТЭЗҮ судалгаанууд нь хийгдэж байгаа. Өнөөдөр “Орхон Онги” төслийн салбар төсөл болох “Цагаан бургастай-Онги” төслийн ТЭЗҮ болон төсвийн тодотголыг нь хийж, тендерийг нь зарлахаар санамж бичиг байгуулж байна. Өнөөдрийн тухайд Эдийн засаг хөгжлийн яам, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам болон холбогдох төсөл хэрэгжих аймгуудын Засаг дарга нар санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бөгөөд Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжинэ. Говийн бүсэд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төслийн тав нь хэрэгжихээр байгаа. Эдгээр таван мега төслийг хэрэгжүүлэх гол үндэс бол усны асуудал. Усны асуудлыг шийдэхгүйгээр эдгээр томоохон төслүүд болон говийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүд хэрэглэсэн усныхаа хэмжээгээр энэхүү төслийг буцаагаад санхүүжүүлээд явах юм.
Энэ төсөл хэрэгжсэнээр Онги голын дагуу амьдарч байгаа 30 гаруй мянган иргэн, мал амьтан, бэлчээр сэргэх усаар хангагдах боломжтой болно. Дундговь аймгийн хувьд "Орхон-Онги" төслийг угтаад энэ жил газар зохион байгуулалтын төлөвлөгөөн дээрээ зургаан газрыг атар газраас тариалангийн газар руу шилжүүлэх шийдвэр гаргасан. Эдгээр төслүүд маань Онги голын саваа дагаад тариалангийн бүс болох боломжтой. Мөн энэ төслийн хүрээнд Сайхан-Овоо суманд гэхэд хоёр том усан цогцолбор цөөрөм байгуулах асуудал мөн яригдаж байна.