Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт даваа гараг /2025.04.28/-т болсон. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлыг 4С буюу олон улсын зэрэглэлтэй болгоно” гэж мэдэгдсэн.
Ингэснээр Мөрөн нисэх буудал олон улсын шууд нислэг үйлдэх, хүлээн авах боломжтой болох бөгөөд ирэх долдугаар сар /2025.07/-д Хөвсгөл аймагт БНСУ-ын онгоц газардана гэдгийг Соёлын сайд Ч.Номин мэдэгдсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн facebook хуудастаа, "Хөвсгөл аймгийн Мөрөн хотод БНСУ-ын Чонжү хотоос долоо, наймдугаар сард эхний хоёр нислэг үйлдэнэ. Шууд нислэг зохион байгуулах уулзалт амжилттай боллоо. Тус нислэгийг хөөцөлдөж, эхлүүлсэн Чандмань аялал жуулчлалын компанийн захирал н.Өлзийсайхан болон түншүүдэд нь халуун баяр хүргэе" гэж мэдэгджээ.