Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйх хугацаа өнөөдөр дуусна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйх хугацаа өнөөдөр дуусна

Өнгөрсөн долоо хоногийн баасан гараг /2025.04.25/-ийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонссон. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөөс нь асуулт асуусан УИХ-ын гишүүн Ж.Баярмааг үг хэлээр доромжилж, улс төржлөө хэмээн бухимдсан юм. 

Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ долоо хоногийн даваа гараг /2025.04.28/-ийн ээлжит хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тавдугаар сарын 01-ний өдрийн дотор УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ж.Баярмаа гишүүнээс, УИХ-аас амаар уучлал гуйхыг шаардсан юм. Хэрвээ уучлалт гуйхгүй бол тус бүлэг чуулганаар хэлэлцэх бүх асуудлаас завсарлага авна гэдгээ мэдэгдсэн. 

Тэгвэл тус хугацаа өнөөдөр /2025.05.01/ дуусч байна. 

Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр /2025.05.01/ болох чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, "УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйна" хэмээн хүлээж буй. Хэрвээ Ерөнхий сайд өнөөдрийн чуулганы хуралд орж ирэхгүй бол АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж чуулганы хуралдааныг бойкотлох хүртэл эсэргүүцлээ үргэлжлүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Тодруулбал, чуулганаар хэлэлцэх асуудлаас завсарлага авах, картаа уншуулчхаад саналд оролцохгүй байх зэрэг арга хэмжээг авна гэж буй.