Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.04.30) Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр өргөн барилаа.
Тус хуулийн төсөлд Монгол Улсын эдийн засгийг 2026 онд 6.0 хувиар, 2027, 2028 онуудад тус бүр 6.5 хувиар өсөхөөр тооцсон байна. Мөн инфляц 2026 онд дунджаар 7.0 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6 хувь байхаар төсөөлжээ. Түүнчлэн, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг алдагдалгүй байхаар төлөвлөсөн буюу нийт зарлагын дүнг тэнцвэржүүлсэн орлоготой тэнцүү байхаар тооцсон гэдгийг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр онцоллоо.
Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан төсвийн тухай шаардлагуудыг хангасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.