Хөвсгөл аймгийн "Шинэ мөрөн" худалдааны төвд гал гарсны улмаас хохирсон иргэдэд "зээлэх" нөхцөлөөр 5.2 тэрбум төгрөгийг олгоно гэжээ

Хөвсгөл аймгийн "Шинэ мөрөн" худалдааны төвд гал гарсны улмаас хохирсон иргэдэд "зээлэх" нөхцөлөөр 5.2 тэрбум төгрөгийг олгоно гэжээ

Засгийн газрын өнөөдрийн /2025.04.30/ хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. 

Тэрбээр энэ үеэрээ, "Булган аймагт болсон бүсийн зөвлөгөөн болон Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн гурван асуудлыг албажуулж байна. Хойд бүсийн зөвлөлийн хуралдааны үеэр нийт 190 гаруй саналыг иргэд гаргасан. Энэ хүрээнд

  • Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай,
  • Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай,
  • Хойд бүсэд үйлдвэр технологийн паркийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай гэсэн Засгийн газрын гурван тогтоолын төслийг Булган аймагт баталсан.

Энэ тогтоолын төслүүд дээр холбогдох яамдуудын саналыг тусгаад албажуулж байна. Үүнд,

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумд хэрэгжүүлэх 50 мвт-ын хүчин чадлаас доошгүй хүчин чадалтай дулааны цахилгаан станцын ТЭЗҮ-г боловсруулах асуудлыг шийдвэрлэлээ.
  • Хөвсгөл аймгийн Ханх, Хатгал, Жаргалант, Шинэ-Идэр, Мөрөн чиглэлийн хатуу хучилттай автозамын төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрэлээ.
  • Булган аймгийн Дашинчилэн, Өлзийт, Хайрхан, Хашаат, Мөрөн чиглэлийн авто замын ажлыг эрчимжүүлж, Хишиг-Өндөр, Гурванбулаг чиглэлийн автозамаас Могод чиглэлийн автозамыг Булган мөрөн чиглэлийн автозамын зураг төслийг боловсруулахаар шийдвэрлэлээ.
  • Дөрвөн улирлын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд 6 жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
  • Булган аймгийн хөгжимт жүжгийн театр барих төсөл арга хэмжээг  ирэх оны төсөвт суулгахаар шийдвэрлэсэн.
  • Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд олон улсын шууд нислэг үйлдэх нөхцлийг бүрдүүлж, 4С ангиллын шаардлагад нийцүүлэн өргөтгөхөөр шийдвэрлэсэн.
  • Хойд бүсийн тээвэр логистикийн төвийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг шийдвэрлэсэн.
  • Эрдэнэт шинжлэх ухаан технологийн паркийг гарааны бизнесийг дэмжих төв болгоно.
  • Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар албажуулснаар хойд бүсэд "Эрдэнэс медикал" гэсэн төрөлжсөн эмнэлэгтэй болох нөхцөл бүрдэж байна.
  • Булган аймгийн 100 ортой нэгдсэн эмнэлгийн санхүүжилтыг шийдвэрлэсэн.
  • Хөвсгөл аймгийн "Шинэ мөрөн" худалдааны төвд гал гарсны улмаас хохирсон иргэдэд худалдаа үйлчилгээ эрхлэх эргэлтийн хөрөнгийг буюу зээлийн зориулалтаар 5.2 тэрбум төгрөгийг олгоно. Энэ нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр байх юм" гэлээ.