Аудитын даргад нэр дэвшүүлсэн С.Магнайсүрэнгийн Хөгжлийн банкны хэргийг анхан шатны шүүх удахгүй хэлэлцэж, гэм бурууг эцэслэнэ

Аудитын даргад нэр дэвшүүлсэн С.Магнайсүрэнгийн Хөгжлийн банкны хэргийг анхан шатны шүүх удахгүй хэлэлцэж, гэм бурууг эцэслэнэ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлээд байгаа.

Тус гарыг удирдаж байгаа Д.Загджавыг өнгөрсөн 2024 онд УИХ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарын шийдвэрээр томилсон. Ингэхдээ өмнөх дарга Д.Занданбат 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сард ажлаа өгснөөр Д.Загджав Үндэсний аудитын газрын ерөнхий аудиторын орлогч, улмаар тус газрын дарга болж байсан юм. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан түүнийг чөлөөлнө гэдгээ өнгөрсөн оны сүүлд мэдэгдсэн байсан. Тэгвэл Үндэсний аудитын газрын даргаар С.Магнайсүрэнг томилох эсэх сонсголыг ирэх тавдугаар сарын 7-нд хийх юм. 

Тэгвэл зургаан жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий аудитор ажиллаж магадгүй байгаа С.Магнайсүрэн нь удахгүй Хөгжлийн банкны хэргээр дахин шүүгдэж, гэм буруугаа дэнслүүлнэ.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн хуралдаанаар Хөгжлийн банкны гэх хэргийг хянаж, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн, даргаар ажиллаж байсан Б.Даажамба, С.Магнайсүрэн, Т.Оюунчимэг, Б.Махбал, М.Баярмагнай, Ж.Үхэртар, Д.Даваасамбуу, Д.Бат-Очир, Ж.Бат-Эрдэнэ, Б.Шинэбаатар, М.Баянмөнх, Б.Найдалаа, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, Б.Лхагвасүрэн, Б.Батзаяа, Н.Баярчимэг, О.Хуягцогт нарыг цагаатгасныг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болсон байдаг. 

Хуралдаанаар тэдний холбогдсон хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож, цагаатгасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна гэдгийг шүүхээс тодотгосон юм. Мөн шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоог нотлох баримтад тулгуурлан үйл баримтын дүгнэлт хийгээгүй. Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм, журамд ТУЗ, гүйцэтгэх удирдлага буюу зээлийн удирдлагын хорооны түвшинд тодорхой үнийн дүнгээр хязгаарлаж, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэр гаргаж байсан. Энэхүү шийдвэр нь эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гарч байсан талаар баримт хэрэгт авагдсан байхад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна гэж үзээд ТУЗ-ийн гишүүд, дарга нарын холбогдсон бүх хэргийг дахин хэлэлцүүлэхээс болсон юм. 

Товчхондоо, Үндэсний аудитын газрын даргад нэр дэвшүүлсэн С.Магнайсүрэнгийн Хөгжлийн банкны хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх цагаатгасан ч Улсын дээд шүүх тус цагаатгасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна гэж үзээд дахин хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр болоод байгаа. Тэгвэл гэм буруу нь шүүхээр эцэслэгдээгүй, маргаантай байгаа хүнийг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилох нь хэр зохистой вэ гэх асуулт хариултаа нэхэж байна. 




Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө