Өнөөдөр /2025.04.23/ зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өмнөх өдрөөс сэрүүсэж Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…+4 градус, Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна. Улаанбаатарт үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө өмнөх өдрөөс сэрүүсэж +2…+4 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.