Өнөөдөр Булган, Төв, Хэнтийн өмнөд, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж салхилж, хүчтэй шороон шуурга шуурна. Харин маргааш буюу энэ сарын 23-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс, секундэд 7-12 метр, нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -1…+4 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө +11…+13 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.