Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжиж саналаа өгчээ.
Тодруулбал, нийтийн өргөдөл гомдлын системд иргэн Б.Батбилэг "хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэний НДШ-д ажил олгогчоос 12.5-14.5 хувийг хариуцан төлдөг бол даатгуулагч иргэн 11.5 хувийн НДШ төлдөг зохицуулалттай. Үүнийг нийлээд 12 хувь болгох, ингэхдээ 1072 хувьцааны ногдол ашгийг ажил эрхлэгч өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын санд шилжүүлбэл дараа жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг 12 хувь хүртэл бууруулж өгдөг болгох" санал гаргасан байна.
Өнгөрсөн гуравдугаар сард үүсгэсэн энэхүү саналд 100 мянгад хүн гарын үсэг зурсан бөгөөд УИХ эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх болоод байна. Учир нь УИХ-ын тухай хуульд D-Өргөдөл цахим системд байршуулсан өргөдөл санал 33 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэхээр заасан байдаг юм.