Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг бууруулах чиглэлээр бодлого, үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтийг мэдээллээр хангах чиг үүрэгтэй "Монгол Улсын Ёс зүйн хороо"-г байгуулаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байгаа билээ.
Тодруулбал, Төрийн албаны хаагчийн ёс зүйн хуулийг 2023 оны тавдугаар сарын 4-ний өдөр баталж, тус хуульд зааснаар "Ёс зүйн хороо"-г Төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөлийн дэргэд ажиллуулахаар болсон байдаг.
-ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮНЭЭР "ДАВХАР" АЖИЛЛАХ БОЛЖЭЭ-
Улмаар Ёс зүйн хорооны гишүүнээр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, Л.Цэдэвсүрэн, Л.Золзаяа, Б.Төгсцэнгэл, Б.Пүрэвдагва, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Батсүх, Удирдлагын академийн багш Ч.Эрдэнэчимэг, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш М.Цэрэнбат, Авилгатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн ажиллах болсон байна.
Тэгвэл Монгол Улсын Ёс зүйн хороо нь "Ёсгүй" ажиллаж байсан нь Аудитын ерөнхий газрын хийсэн шалгалтаар ил болжээ. Тодруулбал, Ёс зүйн хорооны дээрх гишүүний цалин, урамшуулал болох 268 сая төгрөгийг Төрийн албаны зөвлөлийн баталсан цалингийн сангаас "Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал" хэмээн бүртгэж, олгосон байна.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5-т “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.5.3-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”, 16.5.5- т “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална”, 5.1.4-т “үнэн зөв байх” гэж заасныг тус тус зөрчиж байгаа аж.
Мөн Ёс зүйн хороо нь тайлант оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж батлуулаагүй нийт 67 сая төгрөгийн хөрөнгө бэлтгэсэн байна. Үүнээс багцалж харьцуулалтын аргаар худалдан авах боломжтой 45.2 сая төгрөгийн компьютер, тоног төхөөрөмжийг 4 аж ахуй нэгж, байгууллагаас шууд гэрээ байгуулан худалдан авсан байсан нь шалгалтаар илэрчээ.
Иймд, худалдан авах ажиллагааг цаашид бүрэн төлөвлөж, төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулж, баталсан төлөвлөгөөний дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлан, хуульд заасан аргачлалын дагуу зохион байгуулж ажиллах, Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрмийг Төсвийн тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг авч, хорооны гишүүдэд олгох цалин, урамшууллыг хууль, журамд нийцүүлэн олгох асуудлыг дүрэмд тодорхой тусган төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөн батлуулж, баталсан төсвийг зардлын ангиллын дагуу зарцуулахыг аудитын байгууллагаас зөвлөсөн байна.