ХӨШИГНИЙ АРД: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, "Хаврын улс төрийн халуун буусны дараа Д.Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал"-тай танилцана гэжээ

ХӨШИГНИЙ АРД: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, "Хаврын улс төрийн халуун буусны дараа Д.Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал"-тай танилцана гэжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн 50.2-т “Улсын Дээд Шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын Дээд Шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын Дээд Шүүх өөрөө хүчингүй болгоно...” гэж заасан.

-ХЗДХ-ИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ УГ АСУУДЛААР "ХУУЛИЙН МУХАРДАЛД ОРСОН" ГЭСЭН БОЛ Б.ЭНХБАЯР ГИШҮҮН "ХУУЛЬ МУХАРДАЛД ОРДОГГҮЙ ЮМ" ХЭМЭЭН СӨРӨВ- 

Энэ дагуу Улсын Дээд Шүүхийн эцсийн шийдвэрийг УИХ биелүүлэх үүрэгтэй. Гэтэл Хөгжлийн банкны хэргээр гурван шатны шүүхээс торгох ялаар шийтгэгдсэн УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг шүүхийн шийдвэрийн дагуу бүрэн эрхээс нь чөлөөлөхгүй байгаа нь олны анхаарлыг татаад байгаа юм Уг хэрэгтэй холбоотой хамгийн сүүлийн мэдээлэл гэвэл энэ сарын 07-нд /2025.04.07/-ны өдөр УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарт холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг ШШГЕГ-т хүргүүлсэн.

Ингэснээр шийдвэр гүйцэтгэл явуулах боломж бүрдэж, Даваагийн Цогтбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж магадгүй гэсэн хүлээлтийг олон нийтэд үүсгэсэн юм.

Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ “Даваагийн Цогтбаатар гишүүний асуудлаар хуулийн мухардалд орсон” гэсэн бол түүний тайлбарыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сөрж “Хуульд мухардал гэж байдаггүй юм. Хууль мухардсан бол Үндсэн хуулийн цэц арилгах чиг үүрэгтэй. Үндсэн хуулийн цэцэд хүсэлтээ гаргаж асуудлыг шийдвэрлүүлэх ёстой. Улсын дээд шүүх эцсийнх байна гэж Үндсэн  хуультай мөртлөө одоо УИХ нь ард иргэдээсээ хууль биелүүл улс төр, эрх зүй, ёс суртахууны эрхгүй болж байна” гэсэн юм.

Харин уг асуудлыг хэлэлцэх үүрэгтэй Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ “Дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулж байж Даваагийн Цогтбаатар гишүүний асуудлыг хэлэлцэнэ” гэж хэлснээс өөр дахиж тайлбар хийгээгүй.

- ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ж.БАТ-ЭРДЭНЭ УГ АСУУДЛААР ХУУЛЬ БИЕЛҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ ГЭСЭН БОЛ БУСАД НЬ ТҮҮНИЙГ ҮГҮЙСГЭЖ, МАРГААН БОЛЖЭЭ-

Тэгвэл хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар тус асуудлыг ярилцах үеэр байнгын хорооны дарга нарын дунд ширүүн маргаан болжээ. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч байр сууриа илэрхийлсэн байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд УИХ-ын 11 байнгын хорооны дарга болон бусад албаныхан оролцдог. 

ТОДРУУЛБАЛ,  УИХ нь доорх байнгын хороодтой бөгөөд 

  • Аж үйлдвэржилтийн бодлогын-С.Ганбаатар- АН
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын –Г.Тэмүүлэн-МАН
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн-Б.Бейсен-АН 
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын-Ч.Ундрам-МАН
  • Ёс зүй, дэгийн байнгын -Б.Баярбаатар- МАН
  • Инновац, цахим бодлогын- Ж.Золжаргал-ХҮН нам
  • Нийгмийн бодлогын- Л.Энхнасан- ХҮН нам
  • Төрийн байгуулалтын; Ж.Бат-Эрдэнэ- МАН 
  • Төсвийн Ц.Даваасүрэн - МАН
  • Хууль зүйн-Д.Цогтбаатар- МАН 
  • Эдийн засгийн –Р.Сэддорж-  АН-аас тус, тус удирдаж байна.

Тэгвэл эл хуралдааны үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ “Даваагийн Цогтбаатарын асуудлыг УИХ-аар мухарламаар байна. Энэ УИХ хууль биелүүлдэггүй гэдэг нэр зүүж байна, асуудлыг хэзээ хэлэлцэх вэ, хуваариа тодорхой болгож шийдвэр гаргая” гэжээ. 

Түүний хэлсэнтэй холбоотойгоор бусад байнгын хорооны дарга нар Даваагийн Цогтбаатарын асуудлыг яаран хэлэлцэх шаардлагагүй, хэрвээ түүнийг бүрэн эрхээс нь чөлөөлбөл бусдыг нь ч гэсэн ингэж нэг, нэгээр нь сугалдаг жишиг бий болно, УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хамгаалах нь зүйтэй зэргээр өмөөрцгөөжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН, МАН-ын гишүүд Даваагийн Цогтбаатарыг өмөөрсөн бол ХҮН намын гишүүд байр сууриа илэрхийлээгүй байна.

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хаврын улс төрийн халуун буухаар энэ асуудалтай танилцана" гэх байр суурийг албан бусаар илэрхийлсэн гэх мэдээлэл байна. 

Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх асуудлаар Даваагийн Цогтбаатар гишүүний өнөөдрийг хүртэл илэрхийлж ирсэн байр суурь хуульчид болон бусад хүмүүсийн шүүмжлэлийг дагуулж, хуулийг заавал биелүүлэх шаардлагатай гэх тулгалтад ороод буй юм.