АНУ-ын биотехнологийн “Colossal Biosciences” компани 10,000 гаруй жилийн өмнө устаж үгүй болсон гэж тооцогддог “Aenocyon dirus” буюу “dire wolf” зүйлийн чоныг сэргээн бүтээснээ зарлалаа. Тус компани генийн инженерчлэлийн аргаар гурван бэлтрэгийг амжилттай төрүүлсэн бөгөөд тэднийг Ромулус, Ремус, Калиси гэж нэрлэжээ.
ВИДЕО:
The genetics startup Colossal has re-created the dire wolf, which went extinct some 12,000 years ago. @dtmax was the first journalist to meet the wolves. Read his report: https://t.co/tceP74URAg pic.twitter.com/vjHHeuiXpZ
— The New Yorker (@NewYorker) April 7, 2025
Эдгээр бэлтрэгийг бүтээхийн тулд эрдэмтэд саарал чонын эсүүдэд 14 гол генийг засварлаж, нийт 20 өөрчлөлт оруулсан байна. Үүний дараа генийн хувьд өөрчилсөн эдгээр эсүүдийг нохойн өндгөн эстэй нэгтгэн, тээгч эхэд суулгаж, улмаар дээрх гурван бэлтрэгийг төрүүлжээ.
Ромулус, Ремус, Калиси нар одоо АНУ дахь 2,000 акр талбай бүхий нууц байршилд өсөж торниж байгаа аж. Тэдний өсөлт, хөгжлийг эрдэмтэд сайтар ажиглаж, генийн өөрчлөлт нь тэдний зан байдал, физиологид хэрхэн нөлөөлж буйг судалж эхэлжээ.
“Colossal Biosciences” компанийн энэхүү амжилт нь устаж үгүй болсон зүйлийг сэргээн амьдруулах чиглэлд томоохон дэвшил болсон бөгөөд цаашид ноосон мамонт, тасманийн бар зэрэг бусад устаж үгүй болсон төрөл зүйлийг сэргээхэд чиглэсэн төслүүдэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Гэсэн хэдий ч, зарим судлаачид генийн өөрчлөлтөөр бий болсон эдгээр чононуудыг жинхэнэ “Aenocyon dirus” гэж үзэх нь зүйтэй эсэх талаар эргэлзээтэй хандаж байна.
Учир нь тэдгээр нь саарал чононы геномд суурилсан бөгөөд зөвхөн тодорхой генүүдийг өөрчилсөн тул зан байдал, экологийн үүрэг нь жинхэнэ “dire wolf”-оос ялгаатай байж магадгүй гэж үзэж байна. Энэхүү төсөл нь генийн инженерчлэл, биотехнологийн салбарт шинэ боломжуудыг нээж байгаа хэдий ч ёс зүйн болон экологийн олон асуудлыг хөндөж байгаа тул цаашид энэ чиглэлээр илүү гүнзгий судалгаа, хэлэлцүүлэг шаардлагатай ажээ.
Эх сурвалж: Time.com